Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн  цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт  318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй  850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна. 
Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй  шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.
Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*