Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Төв нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -13...-18 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1...+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 05 сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 50х100 метрийн хэмжээтэй агуулахын гадна хураалттай байсан 4 м.куб хөөсөнцөр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг орон сууцны автомашины зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 20:36 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын  “Тоёота Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Баян 14 дүгээр багийн 17 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 03:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн эзэмшлийн 8х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төв аймаг, Баянчандмань сум Чандмань баг зам тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 04:44 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн Хьюндай Маяти загварын ачааны автомашины урдаас иргэн Э-ын “Ниссан Караван” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ жолооны хүрдэнд, зорчигч Т /18 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид тус тус хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэж өгсөн.

Баянхонгор аймаг, Өлзийт сум Бай-Ам багийн “Байн бүдүүн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т, Худаг-Урт багийн “Улаан-Адгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 52 км/-т суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын  “Тоёота Альфард” загварын суудлын автомашин /5 том хүн, 2 хүүхэд/-ыг ажиллаж,  “Тоёота Ланд-100” загварын автомашин /7 том хүн/-ыг,  Б-ын “Тоёота Приус-20”, М-ийн  “Тоёота Приус-20” загварын автомашин /11 том хүн, 1 хүүхэд/-уудыг ажиллаж тус тус цаснаас татан гаргасан. Нийт 110 км газар зам гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Баян-Өлгий аймаг, Сагсай сум Цагаан-Асгат 3 дугаар багийн “Хар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 100 км/-т 04.11-13-ны өдрүүдэд орсон их цасны улмаас Сагсай сумын 600 айл өрх, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид  04.28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Хар нуур” гэдэг газар 4 км замын цасыг цэвэрлэж зам гарган 2 автомашин /8 том хүн, 3 хүүхэд/-ыг татан гаргасан.  Нийт 30 км замын цасыг цэвэрлэн, зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгосон.

Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум А0302 дугаартай улсын чанартай автозам0 4.25-ны өдрөөс эхлэн цас орсоноос Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын дагуу 30 км, 80 км ,108 км-т хэсэгчлэн зорчих хэсэгт цас хунгарласанаас зам хаагдсан тухай мэдээллийг 04.28-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд, тусгай зориулалтын автомашинтай автозамын зорчих хэсэг дээр тогтсон цасыг хусаж цэвэрлэн, автозамын зорчих хөдөлгөөнийг нээж хэвийн болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*