Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” хэмээв.
“Улаанбаатар кабель кар” төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. “ПОМА” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.
Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро /UBMETRO/, тусгай замын автобусны сүлжээ /UBBRT/, нүхэн гарцын бүтээн байгуулалт тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС