Энэ бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Энэ бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг  гүйцэтгэлээр  нь үнэлж байна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж  байна.

Энэ дагуу:

– Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000

– Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000

– Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000

–  Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*