ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛГҮЙ, ТУСГАЙ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧИЙГ ЧӨЛӨӨЛНӨ

Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх болсон, төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталлаа.

 

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгав.

 

Улмаар дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.

 

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

 

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*