Арьс ширний бэлтгэл, анхан шатны боловсруулалт, чанар, стандартын хяналтыг сайжруулах, хоршооллын оролцоог нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэлэмжийг өсгөх зорилгоор орон нутгийн үйлдвэрлэгч, хоршоод, малчдын төлөөлөлд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, хэрэгжилтийн явцыг танилцуулах, төр-хувийн хэвшил-хоршооны хамтын ажиллагааг сайжруулах “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлэг Хангайн бүсэд эхлэв.
Хангайн бүсийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрээс эхэллээ. Хэлэлцүүлгээр Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж, арьс ширний салбарын дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын арьс ширэн түүхий эдийн нөөц, боломж, үйлдвэрийн хөгжлийн чиглэл, түүхий эдийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх боломж, урамшууллын болон татварын цахим системийн уялдаа, агуулахын итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, дуудлага худалдааны системийн ажиллагаа зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Энэ үеэр Хангайн бүсээс бэлтгэсэн арьс, ширэн түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн гутал, савхин хүрэм, цүнх зэрэг бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дэлгэн харууллаа. Үндэсний үйлдвэрлэгч “Булигаар” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Арилдий” ХХК-иуд арьс ширэн түүхий эдийг хоршоодоос худалдан авах, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Мөн сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин, хоршоологчдын төлөөлөл нийт 70 хүнийг сургалтад хамруулж, арьс, ширний чанарын үнэлгээ, бэлтгэл, хадгалалтын стандарт, урамшууллын журам зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл олгож, чадавхжуулан, санал солилцлоо.
Хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Хангайн бүс, “Цагаан алт” ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.