Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж байгаа шүүгчдээ бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжинэ

Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нууц санал хураалтаар сонгох юм.

Мөн Нийт шүүгчийн чуулганы дэг, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална.

Шүүгчид дотроосоо Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг  бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АНХДУГААР ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Эрхэм хүндэт шүүгчид ээ!

Эрхэм нөхөд өө!

Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан Ардын Их Хурлын депутатууд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байв.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгч энэ хүндэтгэлийн танхимд цуглан Үндсэн хуулийн шинэ байгууллагаа эмхлэн байгуулж буй нь тохиолдлын хэрэг биш юм.

Цар тахал, хорио цээрийн дэглэмийн хүнд хэцүү цаг үе байгаа хэдий ч шүүгчид саналаа биечлэн нууцаар гаргах, хуульд заасан хугацаанаас шалтгаалан нийт шүүгчид нэгэн танхимд хуран цугларах шаардлага үүссэн байна.

Та бүхэн чуулганаараа шүүхийн захиргааны байгууллага дахь шүүгчдийн төлөөллөө сонгоод зогсохгүй шүүх байгууллагын ололт амжилт, алдаа оноо, цаашдын зорилго, зорилт, шийдвэрлэх олон асуудалдаа үнэлэлт, дүгнэлт өгч, олон талаас нь шүүн тунгааж ярилцана гэдэгт итгэж байна.

Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргаж байсан дүгнэлтэд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт болон тогтолцоо, зохион байгуулалтад өөрчлөлт хийж ирсэн боловч шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл оршсоор буй нь шүүхийн бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан” гэж дурдсан байдаг. Манай цөөнгүй эрдэмтэн, судлаач ч дээрхтэй ижил  дүгнэлт хийж ирсэн.

Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2021 онд Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгож, томилох үйл явц, дээрх хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд гацаанд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа.

Төрийн тэргүүний хувьд шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн тодорхойгүй байдлыг цэгцэлж, хуулийг нэг мөр хэрэгжих нөхцлийг бүрдүүллээ.

Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн талаарх нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэн, амь оруулах түүхэн үүрэг, хариуцлага Та бүхэнд оногдож байна.

Шүүх засаглал нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх институци төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах ардчилсан засаглалын нэг салаа мөчир билээ.

Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол Үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг мөрдөх явдал юм.

Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж, олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэн, итгэл алдарч эхэлсэн нь эрх зүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой үр дагаварт хүргэх вий гэж Төрийн тэргүүний хувьд сэтгэл зовниж байна.

Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчин, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс хатуу шаардаж байна.

Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, алба хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд туйлаас харамсаж байна.

Шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх  ашгаас хэзээ ч урваж болохгүй.

Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг Төрийн тэргүүний хувьд сануулан хэлье.

Шүүгч Та бол төрийн сүлдэндээ тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэг ч таныг дагалдана гэдгийг санаарай.

Учир нь шүүгч Та Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны багана билээ.

Эрхэм шүүгчид ээ,

Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсаныг нь засаглах монгол төрийн хууль цаазны ташуур юм.

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан, шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэхээ ард түмэндээ хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

Хүн биш хууль засаглана гэдэг бол гагцхүү Үндсэн хууль, хуульд захирагдан, хуулийн гажуудал гаргахгүй, чанд мөрдөн ажиллахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хичнээн сайн хууль гаргаад хэн нэг албан тушаалтан, улс төрч, эрх мэдэлтний сонирхол, хүсэл, даалгаварт нийцүүлж эхэлбээс өнгөндөө хуулийн засаглал мэт боловч ачир дээрээ хүн засагласан хэвээр байгаатай агаар нэг.

Та бүхэн шүүгчээр томилогдохдоо Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангарагласан хүмүүс билээ.

Тийм ч учраас нийгэмд шударга ёсыг тогтоож, хүнд биш хуульд захирагдах нь та бүхний үүрэг төдийгүй, нийгэмд шударга ёсыг тогтоох иргэдийн итгэл найдвар шүүгч таны шийдвэрийн үнэн мөнийн дэнсэнд агуулагдаж байдгийг сануулж байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу та бүхэн өнөөдөр энэ танхимд анх удаа цуглан чуулж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэгтэй шүүхийн захиргааны байгууллагад сонгогдон ажиллах шүүгч гишүүдийг сонгох гэж байна.

Нийт шүүгчдээ төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд сонгогдон ажиллах шүүгчид ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж, шинэ хуулийг, шинэ хандлагаар амилуулах үүрэгтэй гэдгээ бүү мартаарай.

Үндсэн хуульд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг байхаар заасан. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 жилийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл энэ чиг үүргээ ямар арга замаар, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байж ирсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай шинэ хуульд үүнийг анх удаа тодруулан “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан, түүнийг алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын Дээд шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөл үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нэгэн гарц, шийдэл болсон юм.

Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээдэг шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга, хариуцлага юм. Та бүхнийг Үндсэн хуульд заасны дагуу бүх насаар чинь шүүгч хэмээх эрхэм хүндтэй албан тушаалд томилдог.

Иймд шүүгч Та томилогдсон цагаасаа эхлэн албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль журмыг чанд мөрдөх үүрэгтэй.

Үндсэн хуульд оруулсан нэг чухал нэмэлт бол шүүгчдэд сахилгын болон бусад хариуцлагыг ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах заалт байлаа.

Хэдийгээр энэ институци шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд цоо шинэ биш боловч бид анх удаа энэ байгууллагыг Үндсэн хуульд тусгайлан зааж, Үндсэн хуулийн байгууллага болголоо.

Шүүхийн тухай шинэ хуулиар Шүүхийн сахилгын хорооны үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон ч нөгөө талаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд харш үйлдэл гаргаж огт болохгүй.

Шүүхийн сахилгын хороонд ял шийтгэл гарцаагүй байх, шийтгэл гаргасан үйлдэлтэй нь тэнцүү байх эрх зүйн зарчим үйлчлэх учиртай.

Өөрөөр хэлбэл зөрчил гарсан бол хариуцлага зайлшгүй байх, зөрчлийн шинж байдалдаа тохирсон байх, шийтгэл давхардахгүй байх зарчмыг үндэслэн ажиллана гэсэн үг.

Шүүхийн сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл шууд хамаарна гэдгийг энд онцлон тэмдэглэе.

Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд ажиллаж, шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгэндээ  хариуцлага тооцож чаддаг байх нь үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог хуулийн засаглалын зөв тогтолцооны үндэс юм.

Ингэж ажиллаж эс чадваас төр стандарт бус шийдэл гаргах шаардлага үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.

Эрхэм шүүгчид ээ,

“Ковид-19” цар тахлын сүүдэр монгол орныг төдийгүй  хүн төрөлхтнийг ч нөмөрсөн хэвээр байна. Бид энэ хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахыг дор бүрнээ хичээн зүтгэж байна. Гэвч энэ өвчин чухам хэзээ намжиж, дэлхий дахинд энх цаг хэзээ ирэхийг одоогоор хэн ч хэлж чадахгүй байна.

Төр, засгаас дэвшүүлж буй “Цахим Монгол – Дижитал Монгол” болох зорилтын хүрээнд шүүхийн үйлчилгээг цахимжуулах, ухаалаг цахим сан үүсгэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон ажил хийх шаардлагатай байна.

Цахим шүүхийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгож, шүүн таслах ажиллагааг цахимжуулах шаардлагатайг цар тахлын өнөөгийн нөхцөл байдал бидэнд улам тод харууллаа.

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй. Энэ хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоог зөв хангах нь чухал байна.

Түүнчлэн шинэ тутам үүсэж буй нийгмийн харилцаанд тохирсон шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх, Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу бий болсон иргэнд шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор тойргийн зарчмаар шүүхийг байгуулах асуудлыг шийдэх нь зүйтэй.

Тусгаар улсын шүүх эрх мэдлийн хувьд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хооронд үүсдэг аливаа маргааныг үндэсний эрх зүйн тогтолцоондоо эцэслэн шийдвэрлэдэг байх нь чухал.

Үүний тулд шүүгчид эдийн засаг, арилжааны эрх зүйн нарийн ойлголтыг бүдүүн бараг, тойм төдий ойлгох бус, тэдгээрийг хэрэглээний түвшинд ялгаж, асуудлын гүнд буй үндэстэн дамнасан корпораци, татвар болон санхүүгийн нарийн схем, загварыг ойлгох хэмжээний мэдлэг, ур чадвартай байхыг та бүхнээс шаардаж байна.

Энэ нь шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн,  хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай гэсэн үг. Мөн хуулийн хэрэглээний хүрээнд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэх асуудлыг ямагт анхаарах учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан. Энэ нь шүүхийн нэгдмэл байдалд онцгой үүрэгтэй. Нөгөө талаар шүүх эрх мэдлийн гол чиг үүрэг бол шүүн таслах ажиллагаа.

Иймд Улсын Дээд шүүх хуулийг зөв хэрэглэх талаарх тайлбар нь хууль хэрэглээтэй нягт уялдаатай байх нь зүйтэй. Энэ нь шүүх хуулийн хэлбэр, үг, үсэгт хэт баригдаж маргааныг шийдвэрлэх бус, түүний утга агуулга, цаашдын хэрэглээг нэг мөр болгох замаар маргааныг шийдвэрлэх зарчимд ч нийцэх биз ээ.

Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдэл гэсэн нэгэн дээвэр дор хамтдаа зэрэгцэн орших учир хуульд заасан хүрээнд зөв, зохистой хэлбэрээр хамтран ажиллах нь чухал. Түүнээс бие биедээ ихэрхэж, эрх мэдлээ булаацалдаж суух шаардлага огт байхгүй.

Өөр нэг чухал асуудал бол шүүх “хавтаст хэрэг”-тэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг сануулах явдал юм. Тэр хүмүүс та бүхний ажилд үнэлгээ өгнө. Шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүний хүлээн зөвшөөрөгдөх байдал.

Түүнчлэн бид өмнөх шүүхийн шинэтгэлийн сайн зүйлсийг цаашид зөвөөр авч явах шаардлагатай. Үндсэн хуульд шүүгчийг шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс хэн ч оролцож болохгүйг заасан.

Энэ заалтыг шууд хэрэгжүүлэн шүүгчийн нөлөөллийн мэдүүлэгтэй болгосон нь шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүх, шүүгчид нөлөөлөхөөр ярьж, уулзаж болдог байсан хэвшил, нийгэмд тогтсон ойлголтыг өөрчлөхөд эергээр нөлөөлсөн гэж боддог.

Мөн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бий болгон шүүхийн ачааллыг бууруулсан нь сайшаалтай.

Эрхэм шүүгчид ээ,

Шүүх эрх мэдэл-Шударга ёс бол мөнхөд гагнаастай, өөр хооронд нь салгаж үл болох нэгдмэл ойлголт юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох амаргүй ажлын ачааны хүндийг үүрч байгаа шүүх засаглалыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарч ажиллахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэж заасан байдаг.

Өнөөдөр Монгол Улсад анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 8 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд байна.

Манай дийлэнх шүүх шүүн таслах ажлын зориулалтыг хангахгүй байранд байдгаас шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэргээр иргэдийн эрх зөрчигдөж байна.

Тэр бүү хэл Монгол төрийн шүүх гадаад улсын эзэмшлийн байрыг түрээслэн ашиглаж байгаа тохиолдол ч байна.

Цар тахал, эдийн засгийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн хомсдол гээд хүндрэлтэй асуудал олон байгаа хэдий ч Монголын төр засаг шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн байрыг шийдэх асуудал бол угтаа Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж буй асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал огт биш юм.

Иймээс Төрийн тэргүүний хувьд Улсын Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэл өгсөн. Засгийн газар нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

УИХ-аас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давж заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23, нийт 519 шүүгч ажиллаж байна.

Гэтэл нийгмийн амьдрал хурдацтай хөгжих хэрээр шүүгчийн шийдвэрлэх хэрэг, маргааны ачаалал өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Бид цаашид үүнд онцгой анхаарч ажиллах учиртай.

Эцэст нь хэлэхэд Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжих болно.

Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмэн гэдгийг үргэлж санаж яваарай.

Иргэддээ ээлтэй, өндөр ёс зүйтэй, эрүүл шударга нийгмийг цогцлоохын төлөө шударга ёсны амаргүй үйлсэд хамтдаа хүчин зүтгэе.

Монгол төрийн нэрийн өмнөөс хуулийг хэрэглэн шударга ёсыг тогтоогч эрхэм шүүгч Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.

Та бүхний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*