Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоршиж байж хот хөгжлийнхөө замд гарч чадлаа

Бидний хот хөгжиж, дэлхийн жишигт хүрч болох юм байна, бид өөрсдөө асуудлаа зохицуулах боломжтой юм байна гэдэг итгэл сүүлийн нэг жилийн хугацаанд илт сэргэлээ. Зовлон тоочиж, өрөөний мухарт шигдэх биш асуудалд гарц хайдаг, газар дээр нь очиж ажилладаг жишиг тогтлоо. Магадгүй үүнээс хойш Улаанбаатар хотын удирдлагад хэн ч очсон энэ тогтоосон босгонд хүрэх шаардлагатай болох нь дамжиггүй.

Асуудлын гол нь Х.Нямбаатар гэдэг нэг баатард байгаа юм биш. Ажилсаг, тууштай магадгүй жаахан хэл ам таталдаг хүн гэдэг нь сайн хэрэг. Гэвч дангаараа бол энэ олон ажилд ганцаардаж, хүчгүйдэж таарна.

Тийм ч учраас нэгэн цагт Засгийн газарт хамтарч шударга ёсны төлөө ажиллаж байсан жишгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй сайн гар нийлсний үр дүн гарч байна гэж хараад байгаа юм. Тэд бол өөр өөрсдийнхөө өрөг дээр бус нэг өрөг дээр ухаан зарж хамтарч чаддаг залуучууд юм байна гэсэн санаа.

Өнгөрсөн хугацаанд хотын асуудлууд чухам яагаад хуримтлагдаад байсан бэ гэдэг асуултын хариулт бол шийдэл нь удаан байсных гэдгийг бид нэг жилийн хугацаанд харлаа. Нэгхэн жилийн дотор нийслэлийн холбогдох 60 гаруй хуульд өөрчлөлт оржээ. УИХ-ын таван тогтоол гарсан байна. Энэ бүх хууль, тогтоол ямар учиртай вэ гэхээр шийдвэр гарахад садаа тээг болдог бүхнийг багасгасан гэсэн үг. Үүнийг хийхэд Улаанбаатарын удирдлага нь Засгийн газартайгаа нягт хамтарч байж л чадна. Хотын удирдлага иргэдийнхээ төлөө ажиллахад гар нь гавгүй, хөл нь дөнгөгүй болсон учраас хоёр сарын дотор 600 автобус оруулж ирээд үйлчилгээнд гаргаж чадаж байна. Хоёр хоногт зам тавьж чаддаг болчихлоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль эрх зүй зэргийг нь хасаад иргэдэд харагдах юу хийв гэдгийг зураглаад үзье.

Хотын дарга дээр төвлөрдөг нохой муур устгалаас эхлээд гудамж талбайн цэвэрлэгээ хүртэлх ажлыг дүүргүүдэд эрхийг нь өгч шилжүүлжээ. Улмаар Улаанбаатар хотын удирдлагууд нийтийг тээврийг сайжруулах, үер уснаас сэргийлэх ажилд ханцуй шамалж байлаа.

“Шунхлай”-гийн шатахуун түгээгүүр, “S’outlet” дэлгүүр, Гурвалжингийн гүүрний дэргэдэх аж ахуй нэгжүүдийг буулгаж, хаваржин мөс нүдэж, зунажин шавар зөөсний үрээр олон жилийн дунджаас асар их орсон бороонд Улаанбаатарын иргэд хохирсонгүй. Ирэх жил гудамж, замаар ус урсдаг байдлыг болиулна гэнэ. Нийслэлийн авто замын 80 хувийг шинэчилж байгаа ч энэ хүрээнд хийгдэж буй биз. Хойтон томоохон давхар зам, гүүрний бүтээн байгуулалтаа хийхдээ ч гараа сулалж авахыг зорьсон ч байх. Өнөөдөр гэхэд Яармагт нэг шинэ гүүр ашиглалтад орлоо. Дахиад Туул гол дээгүүр барих гурван ч гүүрний ажил нь эхэлсэн юм билээ. Одоо л “Метро барих гэдэг дэмий мөрөөдөл биш. Бодитоор хийх бололцоотой юм байна” гэдэг итгэл төрж эхэллээ. Том дэвшил шүү.

Нөгөө талд хот эзэнтэй болсон юм. Хотын алдагдсан өмчүүдийг эргүүлэн авч иргэдэд хэрэгтэй, тухтай хэлбэрээр ажиллуулж байна. Тухайлбал, Төв цэнгэлдэхэд энэ зун, намрын турш тоглолт боллоо. 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Урт цагааныг түрээсгүй эзэмшиж байсан хүмүүсээс нь авч, үжирч муудсан барилгыг нураалаа. Тэр газарт доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн бий болох юм. Заа, тэгээд 3, 4-р хорооллын хуучин ахуйн үйлчилгээний төвүүд, Ж.Хатанбаатарын завшсан эмнэлгийн зориулалттай барилгууд гээд юуг эс хэлж барах билээ.

Бонд босгож Бөөрөлжүүтийг цахилгаан станцыг санхүүжүүллээ. Улаанбаатар хот эрчим хүчний хараат байдлаас гарах боломж бүрдэв. Эрчим хүчтэй байж гэмээнэ үйлдвэрлэл хөгжиж, утааг бууруулах ажлуудыг хийх боломжтой болно.

Нөгөө талаас нь харвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа хамтран нэн түрүүнд шаардлагатай аж ахуйн ажлуудаа дуусгасан байна. Харин цаашдаа хийх томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид хойтон жилээс харна гэсэн үг.

Аар саар ажилд цалгардахгүй байх бүх бэлтгэл энэ жил дуусчээ. Тиймээс ч НИТХ-ын сонгуульд МАН Засгийн газрынхаа бодлогыг дэмжиж “20 минутын хотын хөгжил” уриатайгаар орж байгаа юм байна. Энэ бол хотыг шинэ шатанд гаргах ажлуудаа хийх итгэлтэй болсоных юм. Өнгөрсөн зуны сонгуулиар МАН ялалт байгуулж, Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх эрхээ авчихсан. Харин одоо иргэд Х.Нямбаатарын ажлыг үргэлжлүүлэх эсэхээ удахгүй шийднэ. Үүний дараа Улаанбаатарын хөгжил хааш эргэхийг бид харах биз ээ.

Эх сурвалж: NEWS.MN Б.БОЛД

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*