ИРГЭДИЙГ ЖИЛД НЭГ УДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.

Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна

18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үндэсний хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн цахим сан бий болгох, тухайн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.  

Эхний жилүүдэд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэснэ. Гэхдээ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл, идэвхтэй амьдралын дадал, хэвшилтэй болгосноор эрүүл хүнд амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж тооцоолжээ.

Хоол боловсруулах, амьсгалын, зүрх-судасны тогтолцооны өвчин  өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болдог бол зүрх-судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаантай бусад эмгэгээр түлхүү нас барж байна. Хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх-судасны өвчинтэй холбоотой байна.

2010 оны байдлаар хорт хавдрын 4,466 шинэ тохиолдол, 3,264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2020 онд шинэ тохиолдол 6,702, нас баралт 4,260 болж нэмэгджээ. Шинэ тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу II, III шатандаа онош тодорсон, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийнн 65 хувь нь онош батлагдсанаас хойш жил хүрэхгүй хугацааны дотор нас бардаг гэсэн статистик мэдээ гарчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тулгамдаж  байгаа асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал:

-       2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах

-       Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах

-       Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх

-       Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах

-       Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх

-       Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

-       Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах

-       Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг хэлж болно.

25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй бол тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авч байхад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд чиглэл болгож,  аж ахуйн нэгжүүдийг уриаллаа. Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох болжээ.

Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.

Эдийн засгийн идэвх нэмэгдэж байна

Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог.

Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө.

Ерөнхий сайд нийслэл хотод ажилласантай холбогдуулан:

-       Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад  шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх

-       Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах

-       БГД-ийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*