Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ
 
Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн өсөлт гарах дэмжлэг бий болно гэж Л.Халтар мэдээллээ.
Хятадын талаас ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс хоёр талын агаарын тээвэрлэгчид Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд долоо хоног тутам нэг удаагийн нислэг үйлдэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Монголын талаас МИАТ компани Гуанжоу, Аэромонголиа компани Хөххот  чиглэлд нислэг гүйцэтгэнэ.
Цар тахлын өмнөх 2019 онд Монгол Хятадын хооронд агаарын тээврээр нийт 313,049 зорчигч тээвэрлэсэн нь олон улсын нислэгийн зах зээлийн 26 хувийг эзэлж байв. Үүнээс нь 214,567 буюу 70 орчим хувийг зөвхөн Бээжингийн чиглэлд, үлдсэн хувийг Хөххот, Эрээн, Хайлаар, Манжуур, Гуанжоу, Тяньжин чиглэлд тээвэрлэжээ.
 
Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ
 
Үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна.
Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад  системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
 
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ
 
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.
Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд авто замын нөхцөл байдал агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан ихээхэн эвдрэлд орж, автозамын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, автозам хэрэглэгч, ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрх зөрчигдөөд байсан юм.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*