Шинээр байгуулах хоёр яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*