Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.07.05) хуралдаан 09 цаг 46 минутад эхлэв. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Эхлээд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны харьяа найман төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, долоон байгууллагад “Зөрчилгүй”, нэг байгууллагад Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гээд тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар товч танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 227 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 166 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 61 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Аудитад хамрагдсан байгууллагаас 159 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Аудитаар нийт 21,840.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 13,374.0 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 1,254.7 сая төгрөгийн 36 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3,303.1 сая төгрөгийн 97 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 3,908.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 248 зөвлөмж өгсөн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, жилийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 16.5 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 16.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж, хариуцлага тооцох 1 албан шаардлага өгсөн.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 80.1 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 61.4 сая төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 18.7 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2 зөвлөмж хүргүүлсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 43 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 38 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Аудитад хамрагдсан байгууллагаас 36 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Аудитаар нийт 2,308.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 1,401.3 сая төгрөгийн алдааг залруулж, 907.2 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 1 албан шаардлага, 2 зөвлөмж өгсөн.
Монгол Улсын Ерөнхий прокурорын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 42 санхүүгийн тайлан нэгтгэснээс 37 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллага түүвэрт хамрагдсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд аудитад хамрагдсан 37 байгууллагуудын санхүүгийн тайланд “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 8,526.9 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс, 7,988.7 сая төгрөгийн алдааг залруулж, 0.1 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 126.9 сая төгрөгийн 9 албан шаардлага хүргүүлж, 411.2 сая төгрөгийн зөрчилд 60 зөвлөмж өгөв.
Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 83.5 сая төгрөгийн 2 зөвлөмжийг хүргүүлсэн.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 32.6 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 0.3 сая төгрөгийн алдааг залруулж, 32.3 сая төгрөгийн алдаа, зөрчилд 5 зөвлөмж өгсөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 148.6 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, 100.0 сая төгрөгийн 1 алдааг аудитын явцад залруулж, 30.6 сая төгрөгийн 3 төлбөрийн акт тогтоож, шилэн дансны хэрэгжилт болон шагнал, урамшуулалттай холбоотой 2 албан шаардлага хүргүүлж,18.0 сая төгрөгийн алдаа зөрчилд 2 зөвлөмж өгсөн.
Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах, Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, Аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах шаардлагатай хэмээн танилцууллаа.
Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Ш.Раднаасэд гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайдын төсвийн үлдэгдэл болон “Хязгаарлалттай” дүгнэлт, төсвийн зөрчилтэй холбогдуулан, Ж.Сүхбаатар гишүүн төсвийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр юу хийж, зөвлөмжийг хэрхэн биелүүлж буй талаар болон төсвийн зөрчилтэй холбогдуулж албан тушаалтнуудад хариуцлага тооцдог эсэх талаар, Ц.Мөнхцэцэг гишүүн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан дутуу үлдэгдэлтэй гарсан талаар болон Төрийн албан хаагчдын эмнэлгийн дутуу санхүүжилт, эмнэлгийн нөхцөл байдлын талаар, Ц.Сандаг-Очир гишүүн нийтлэг гарч буй санхүүгийн зөрчил, Б.Дэлгэрсайхан гишүүн төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хэзээ хийж, танилцуулах талаар, С.Бямбацогт гишүүн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны биелэлтийг хэдэн хувьтай биелсэн гэж үзэж буй талаар болон Монгол Улсын гадаад өр, түүн дотроо Засгийн газрын өрийн талаар тус тус тодруулж, цаашдаа гаднаас зээл авахдаа ямар шаардлага, шалгуур тавих, авсан зээлийг яаж зарцуулбал үр ашигтай байх талаар дүгнэлт хийсэн эсэх талаар тодруулав. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ерөнхий аудитор Д.Занданбат, Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд болон төсвийн ерөнхийлөн захирагчид хариулт өглөө. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ
Дараа нь Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
Улсын дээд шүүхийн 2023 оны төсвийн төслийн талаар тус Шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Дээд шүүхийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсвөө зургаа дахин нэмэгдүүлж оруулж ирсэн, албаны контор барина, тавилга, техник тоног төхөөрөмж авна гэсэн байна, урамшууллуудыг мөн 21 дахин нэмэгдүүлжээ. Энэ бүхэн нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай нийцэж байна уу. Энэ төсвийн төслийг ямар үзэл баримтлалаар оруулж ирсэн бэ гэдгийг тодруулав. Гишүүний асуултад Тамгын газрын дарга С.Заяадэлгэр төсвийн төслийн талаараа тайлбар өглөө. С.Бямбацогт гишүүн төсвийг нэмэгдүүлж оруулж ирсэн нь боломжтой эсэх талаар Сангийн сайдын байр суурийг тодрууллаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийг нэмэгдүүлэн батлах ямар ч боломжгүй, 2022 оны түвшинд боловсруулахыг чиглэл болгох талаар хэллээ. Ж.Сүхбаатар гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлэхдээ Улсын Их Хурал, Засгийн газрын барьж буй одоогийн төсвийн бодлого, нөхцөл байдалтай уялдаагүй төсвийн төсөл оруулж ирсэнтэй холбогдуулж зөв бодлого тодорхойлох талаар саналаа илэрхийлэв.
Ингээд Улсын дээд шүүхийн төсвийн урсгал зардлыг 2022 оны түвшинд тавих, хөрөнгө оруулалтын зардлыг хасах, орон тоог үе шаттай нэмэгдүүлэх, энэ хүрээндээ төсвийн төслийг хянаж, явуулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны төсвийн төслийн талаар тус Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлэхдээ шүүхийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдэж буй ч татвар төлөгчдөд дарамт бий болгохгүйгээр шийдвэрлэх талаас санал хэлсэн бол Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ улс орныхоо эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг харгалзан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж төсвийн төслөө боловсруулахыг чиглэл болгов.
Шүүхийн сахилгын хорооны 2023 оны төсвийн төслийн талаар тус Хорооны дарга Д.Мягмарцэрэн танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Шүүхийн сахилгын хорооны даргын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Ж.Сүхбаатар гишүүн байгуулагдсанаасаа хойш төсөвтэй холбоотойгоор үйл ажиллагаа хэвийн явагдсан эсэх талаар, Б.Энхбаяр гишүүн гарцаагүй орон тоо нэмэх ямар шаардлага үүссэн талаар, байр түрээслэх хэрэгцээ шаардлагын талаар тус Хорооны дарга Д.Мягмарцэрэнгээс хариулт авлаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт үг хэлэв. Хэлсэн үгэндээ 35 орон тоог 65 болгож нэмэгдүүлэх болон унаа, хоол, хангамж бараа материал, бичиг хэргийн зардал зэрэг урсгал зардлуудаа эрс нэмэгдүүлсэн байна гээд байр болон машины зогсоол түрээслэх зэрэг зардлыг танах шаардлага үүснэ гэлээ.
Хүний эрхийн комиссын 2023 оны төсвийн төслийн талаар тус Комиссын дарга Ж.Хунан танилцуулав. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Хүний эрхийн комиссын даргын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг гишүүдэд тараасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Б.Энхбаяр гишүүн Төр хэмнэлтийн бодлого зарлаад, бүх түвшиндээ ажиллаж байхад гадагшаа томилолтоор явна гээд зардлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна. Гадагшаа явах ямар гарцаагүй хэрэгцээ, шаардлага үүссэн бэ гэдгийг, мөн шинээр хүний эрхийн мэдээллийн сангийн программ хангамж шийдэхээр төсөв таьсан нь хэр ач холбогдолтойг болон энэхүү программ хангамж нь ямар чиглэлийн платформ болох талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Хунангаас хариулт авлаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт үг хэлэв. Хэлсэн үгэндээ гол өссөн зардал нь урсгал зардал гэдгийг тэмдэглээд төрийн хэмнэлтийн зарчимд нийцэхгүй учир нэн шаардлагатай төсөв дээр эргэн ярьж, бусад төсвийг танах шаардлага үүснэ гэдгийг хэллээ.
Ингээд 2022 оны урсгал зардлын хэмжээнд төсвийн төслийг хянахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Дараа нь “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж асуух асуулт, саналтай гишүүн байгаагүй тул “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ. Ингээд тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ
Хуралдааны төгсгөлд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар, Н.Баярмаа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав.
Дэмбэрэлийн Батбаатар, Нямдоогийн Баярмаа нар нь хууль зүйн боловсролтой байх, гучин таван нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг хуульд заасан шалгуур хангасан байдлыг танилцуулгадаа дурьдлаа. Мөн сонгон шалгаруулалтад тэнцсэн байдлын талаар хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, эхний байранд эрэмбэлэгдсэнийг танилцуулав.
Дэмбэрэлийн Батбаатар нь Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Нийслэлийн 78 дугаар сургууль, “Их Засаг” дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, “Их Засаг” олон улсын сургуульд хууль зүйн магистр хамгаалсан. “Хүчит шонхор” ХХК-д байцаагч, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан ба 2011 оноос хойш одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 22 жил, шүүгчээр 17 жил ажилласан.
Нямдоогийн Баярмаа нь 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай. Хэнтий аймагт бүрэн дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль төгссөн. Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Кюшүгийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, Япон Удсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны доктор цол хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. “Отгонтэнгэр” их сургуульд багш, Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн зөвлөх, Хууль зүйн яаманд ахлах мэргэжилтэн, “MDS” ХХК-д хуульч, өмгөөлөгч, Хөгжлийн банкинд хуулийн зөвлөх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2016 оноос хойш Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 13 жил 4 сар, шүүгчээр 7 жил ажиллаж буй юм байна.
Нэр дэвшигчдийн талаарх танилцуулга сонссоноор Байнгын хорооны дарга С.Бямбацогт Хууль зүйн байнгын хороогоор нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй хийсэн талаар тайланг танилцуулав.
Үргэлжлүүлэн хэлэлцэж буйтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нэр дэвшигчдээс шүүгчээр ажиллаж байх хугацаандаа нөлөөллийн мэдүүлэг гаргаж байсан уу, Дээд шүүхийн шүүгчээр томилогдвол өргөсөн тангарагаа хатуу сахиж ажиллах чадах уу гэдгийг тодруулж, хариулт авлаа.
Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.