Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 01-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 3-4-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр
Объектын түймэр: Завхан аймаг, Тэс сум. Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 03:05 цагт очиход иргэн Н.Б-ийн хашаанд хураалттай байсан 50 тн /3000 боодол/ өвс 20 метр орчим хашаа шатаж байсныг 08:47 цаг ажиллан унтраасан.
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.6 км замыг туулан 13:41 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Усны осол: Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ Хэрлэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:33 цагт /16:36 цагт/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.28-ны өдрийн 05:00 цагаас 20:40 цагт хүртэлх хугацаанд тус аймгийн Булган сумын харьяат иргэн Г/45 настай, эрэгтэй/-ийг тус сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газраас 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 53 км-т “Хэрлэн” голын усаар завиар урсан 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.31-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 хүн “Туул” голын эрэгт амарч байснаас 1 хүн согтуугаар голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 15:48 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг 10:38 цагт эхлүүлэн 15 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас баруун зүгт 24 км-т тус дүүргийн 11 дүгээр хороо “Зэл” амралтын газрын зүүн хойд талд “Туул” голын салаанд хайргадсан байсан цогцсыг 15:40 цагт олж гарган тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Тариалан сум. “Дулаанхан” ууланд 07.29-ний өдрийн 10 цагийн орчимд 3 том хүн, 1 хүүхэд жимс түүхээр гараад 1 хүн нь бусдаасаа төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 17:10 цагт /17:30 цагт/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ар гэрийн хамтаар 17:37 цагт гарч, 50 км замыг туулан 19:20 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Н/40 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас эхлэн зохион байгуулж “Хүрээтийн -Ам” гэдэг газраас зүүн хойд зүгт 14 км-т “Алантын-Ам” гэдэг газарт айлын өвөлжөөнөөс 20:40 цагт эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. “Хэрлэн” голын усанд /2 зорчигчтой/ суудлын автомашин суусан гэсэн дуудлагыг 05:50 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 06:38 цагт гарч, 17 км замыг туулан 07:10 цагт очиход жолооч тус дүүргийн харьяат С/21 настай, эрэгтэй/, зорчигч И /1 настай, эрэгтэй/ нар “Мицубиши Пажеро” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР