“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан болов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын арга хэмжээ өнөөдөр /2023.09.16/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэхүү номын баярын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар асартаа Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, парламентын номын сангийн үйл ажиллагаа, “Парламентын боловсрол” хөтөлбөр, "D-Parliament" цахим системийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа билээ. 

Мөн номын баярт оролцогчид, уншигчдыг хамруулан зохиолч, уншигчдын уулзалт, “Үндсэн хууль уран бичлэг”, “Үндсэн хуулийн оршил хэсгийг монгол бичгээр бичих” зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. 

“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын цахим уралдааныг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг сорихоор нийт 50 гаруй асуулт бэлтгэсэн байв.

Энэ удаагийн уралдааныг 15 минутын хугацаатай, 15 асуулттайгаар явуулсан бөгөөд асуултыг quiz хэлбэрээр google-д  байршуулав. Оролцогчид гар утсаараа QR кодоор нэвтрэн “Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” уралдаанд идэвхтэй оролцож,  мэдлэгээ сорьсон юм.  

Уралдаанд нийт 20 орчим залуус оролцсоноос Үндсэн хуулийн талаарх асуултад хамгийн богино хугацаанд, зөв хариулсан амжилтаараа МУИС-ийн Бизнесийн сургуулийн I дамжааны оюутан О.Намуундарь тэргүүлж, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн II дамжааны оюутан С.Тамир, АШУҮИС-ийн IV дамжааны оюутан Б.Түвшинсүлд нар удаалсан юм. 

Энэхүү  уралдааны  ерөнхий шүүгчээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал ажилласны зэрэгцээ зохион байгуулагчид оюутан, залуусын Үндсэн хуулийн талаарх мэдлэг сайн байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*