Европын Холбооны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хамтын хувь нэмрээ оруулахад чиглэсэн “Тэрбум мод”, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээ талууд нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ина Марчюлёните-д ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*