Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, багш солилцооны богино, дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад цогц хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр ярилцав.
2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн шилдэг 50 сурагчийг Турк Улсад суралцуулах бүрэн боломжтой болсон талаар Элчин сайд Зафер Атеш мэдээлэв.
Жилд Монгол Улсаас 60-100 оюутан БНТУ-ын их сургуулиудад элсэн суралцдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2000 гаруй монгол залуус БНТУ-д сурч төгссөн байна. Энэ нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал гүүр болж буйг Боловсролын сайд П.Наранбаяр онцолсон юм.