Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Би хариуцлагатай аав, ээж” аяныг 2018 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг.
Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгээр иргэд, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг идэвхжүүлэх зорилгоор "Би хариуцлагатай аав, ээж" аяны хүрээнд телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.
Бүтээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд хүлээн авч, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулна. Бүтээлээ “Би хариуцлагатай аав”, “Би хариуцлагатай ээж”, “Гэр дүүрэн хайр”, “Хайраа бусдад харамгүй түгээе”, “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” гэсэн таван сэдвийн хүрээнд туурвих боломжтой.
Бүтээлд тавих шаардлага
- Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 15-20 минут.
- Сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
- Бүтээлд тус газрын албан ёсны логог байршуулсан байх.
- Хуулийн тодорхой заалттай холбоотой асуудлыг хөндөхдөө бодит баримтад тулгуурласан байх.
- Бүтээлийг илгээхдээ DVD-д буулгаж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлэх.
- Хувь хүний эрх, албан байгууллагын нэр төрд халдахгүй байх.
- Олон нийтийн хүртээл болгосон байх /олон нийтэд гарах өдөр, цаг, хуваарийг урьдчилан мэдэгдэх/.
Нэвтрүүлгээр дамжуулж эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийтэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилсан байна.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР