Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

  Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.29) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм.

    Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

    Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

    Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу ажлын хэсгээс хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулах санал гаргасан, түүнчлэн, хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, хоршоодын холбоо байгуулж болох бөгөөд хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул төслийн зарим зүйл, хэсэг заалтыг өөрчлөн найруулах, хасах зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг С.Чинзориг гишүүн танилцуулсан. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 1 дүгээр зүйлийг “Энэ хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон 53 гишүүний 71.7 хувь нь, төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгож “44 дүгээр зүйл.Хоршоодын холбоо; 44.1.Хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, хоршоодын холбоо байгуулж болно. Хоршоо нь хоршоодын холбооны гишүүн байна; 44.2.Хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” заасны дагуу зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

    Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар С.Чинзориг гишүүн танилцууллаа. Тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.

    Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлээр нь батлах нь зүйтэй хэмээн дэмжсэн бөгөөд эл саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 38 нь дэмжив. Гишүүдийн олонх ийнхүү дэмжсэн тул  “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан юм.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

    Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

    Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа бөгөөд хууль санаачлагч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээгүй тул холбогдох өөрчлөлтийг тусгасан хуулийн төслийг даруй өргөн мэдүүлэх нь зүйтэй талаар санал хэлснийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгасан гэв.

    Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийи зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зохих өөрчлөлтийг тусгах зарчмын зөрүүтэй саналыг ажлын хэсгээс гаргасан, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үөд хуулийн төслийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгтэй холбоотой санал дэмжигдсэн бөгөөд тус хэсгийг илүү нарийвчлан зохицуулж хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэдээлэл олж авах эрхийг хангах нь зүйтэй талаар санал гаргасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн аж.

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.

    Ц.Мөнхцэцэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийг “41.6.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон эрх бүхий байгууллага, эсхүл дээрх байгууллагын албан тушаалтан нь бүтээлийг энэхүү хүмүүст хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хил дамнуулан солилцох, хүлээн авах, түгээх, боловсролыг дэмжих зорилгоор мэдээллийн технологийн хэрэгслээр дамжуулан номын сангийн материалыг хүртээмжтэй болгож сургалтад ашиглах, бүтээлийг хичээлийн танхимд ашиглуулах, дэлгэж үзүүлэх, бүтээлийг зайны сургалтад зориулан хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрнө” хэмээн өөрчлөн найруулж, “хүртээмжтэй хэлбэр бүхий хуулбар” гэдгийг хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд бүтээлийг бусдын адил чөлөөтэй, саадгүй хүлээн авахад нь зориулан бүтээсэн сонгох боломжтой төрөл, эсхүл хэлбэрт хөрвүүлсэн хуулбарыг ойлгоно гэсэн тайлбартайгаар, төслийн 41.6, 41.7 дахь хэсэг болгохыг хуралдаанд оролцсон 59 гишүүний 64.4 хувь нь дэмжсэн. Төслийн гарчгийн “нэмэлт” гэсний дараа өөрчлөлт” гэж нэмж, төсөлд “2 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “хянах,” гэснийг “хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх” гэж өөрчилсүгэй.” гэсэн агуулгатай 2 дугаар зүйл нэмэхийг, төслийн 2 дугаар зүйлийн дугаарыг “3 дугаар зүйл” гэж, 3 дугаар зүйлийн дугаарыг “4 дүгээр зүйл” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн олонх тус тус дэмжив. Ингээд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэжилсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

    Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулав.

    Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

    Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

    Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй байна. Иймд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

    Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авсны дараа төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.  

Хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон ч тэтгэмж олгох зохицуулалттай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газрын холбогдох саналыг тусган Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

    Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үйлчлэлд 0-3 хүртэлх насны хүүхэд болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох зохицуулалтыг тусгаж хуулийн төслийг боловсруулсан.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдоэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Нийгмийн бодлогын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандар-Очир, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 30-40 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай, харин энэ оны төсөв батлагдсан тул хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ, төсвийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодруулав. Жилд 52 мянга орчим эхчүүд ажилдаа орсноор “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагддаг бөгөөд эдгээрийн 20 мянга орчмынх нь гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй гэх судалгааны дүн гарсан байна. Хуулийн төсөл дэх зохицуулалтын дагуу энэ онд 6.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” зохицуулалттай ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дээрх хуулийг өөрчилж, энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр дурдсан тул Байнгын хороо энэ дагуу шийдвэрлэсэн. Энэ жилийн төсөвт тусгасан санхүүжилтийн хүрээнд шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломж бий хэмээн А.Ариунзаяа сайд тайлбарлалаа.

    Ийнхүү Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*