УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заав

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан бөгөөд уг зарлигийн 6.1.4-т “Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг хүүхэд, залуучуудад ойлгуулан мэдүүлэх зорилгоор энэ өдөр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заана” гэж заасан болон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга ийнхүү хүүхэд, залуучуудад нээлттэй хичээл заасан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тохиодог бөгөөд энэ өдрийг хэдхэн хоногийн өмнө нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

 Улсын Их Хурлын дарга хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудад Үндсэн хуулийн 30 жилийн ойн мэнд хүргээд, “ковид” цар тахлаас шалтгаалан цомхон хүрээнд хичээл зааж буйгаа дурьдлаа. Мөн Үндсэн хуулийн өдрийг баяр тэмдэглээд өнгөрч буй агуулгаар бус Үндсэн хуулиа дээдлэн сахих, Үндсэн хуулийн мэдлэг олгох, ач холбогдлыг нь нийтээрээ мэдэж, сахин мөрдөх нь ямар чухал ач холбогдолтойг нийт ард иргэд, тэр дундаа хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхийг зорьж буйгаа тэмдэглэсэн юм.

Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн талаарх зарим сонирхолтой баримтаар хичээлээ эхлэв. Дэлхийн анхны бичмэл Үндсэн хууль 1787 онд батлагдсан АНУ-ын Үндсэн хууль бөгөөд уг хуулийг таван минутад багтаан уншиж болохоор бол Энэтхэгийн Үндсэн хууль дэлхийн хамгийн дэлгэрэнгүй Үндсэн хууль бөгөөд 500 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиуд адилхан биш шиг Монгол Улсын Үндсэн хууль ч өөрийн гэсэн онцлогтой, хууль Үндсэн хууль болохыг сонирхууллаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиуд бичигдэж ирсэн түүх, хууль бүрийн онцлог, мөн чанарын талаар ярьж, хичээлийнхээ гол агуулгыг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд чиглүүлсэн.

  Хичээлийнхээ үеэр Mon-nom аппликейкнд Монгол Улсын Үндсэн хуулийг сонсох хувилбараар оруулсныг дурьдаад Үндсэн хуулиа технологийн дэвшил ашиглан танин мэдэх боломжтойг мөн тэмдэглэв. Хичээл төгсгөл хэсэгтээ асуулт, хариултаар үргэлжилж, хүүхдүүд болон залуучууд Улсын Их Хурлын даргаас асуулт асуун, хариулт авч, санал бодлоо хуваалцлаа.

 Дашрамд дурдахад, өсвөрийн парламент хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 90 сурагч хамрагдсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*