СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛОНД ТАВИГДАХ СТАНДАРТЫН ШААРДЛАГА


Сургууль, цэцэрлэгийн хоол нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах үйл явцад чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхээс эхлээд хадгалах, олгох хүртэлх бүхий л үе шатанд чанар, аюулгүй байдлыг хангах тодорхой шаардлагыг стандартчилсан байдаг.


✅

Тухайлбал MNS 7005:2023 “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” стандартын 6.6-д шөлтэй хоолыг +75 ºС-аас багагүй, хоёрдугаар хоолыг +65 ºС-аас багагүй, харин хүйтэн хоол, зууш, салатыг +14 ºС температуртай олгохоор заасан байна. Мөн хоолыг бэлэн болсон даруйд нь олгох бөгөөд халуунаар нь хадгалж, хоёр цагаас дээшгүй хугацаанд олгохоор тусгажээ.

♨️

Хоолны дээжийг яагаад 72 цаг хадгалдаг вэ?

✅

Стандартын 6.7-д тухайн өдөр үйлдвэрлэсэн хоол, зууш, ундаанаас 100–150 граммаас доошгүй хэмжээтэй дээж авч, зориулалтын, битүүмжлэл сайтай саванд хийхээр заасан байна. Уг дээжийг 0–4 ºС температуртай хөргөгчид 72 цаг хадгалж, дараа нь устгана. Энэ нь тухайн өдөр үйлдвэрлэж, олгосон хоол хүнстэй холбоотой асуудал гарсан тохиолдолд хяналт, шинжилгээ хийхэд ашиглах боломж бүрдүүлэх ач холбогдолтой.

🧑‍🎨

Эцэг эхчүүд хоолны мэдээлэлтэй танилцах боломжтой

✅

Тус стандартын 7.9-д хооллох хэсгийн мэдээллийн самбарт хоолны цэс, хоолны шим тэжээл, эрүүл ахуйн дэглэм, хоол хүнсний хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг тогтмол байрлуулах шаардлагыг тусгасан байдаг.

Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хоолны цэс, шим тэжээлийн мэдээлэлтэй танилцаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчинд стандартын шаардлага хэрхэн хэрэгжиж байгааг анхаарах боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*