“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстойг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцоллоо.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар
-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт хэрэгжиж, хууль хоорондын уялдаа хангагдаж,  хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ;
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
-Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;
-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжин хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*