Ерөнхий сайд Герман, Канад улсын элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.

Уулзалтын эхэнд манай хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэж, харилцааны түвшингээ ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө бүх талаар идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал технологийн салбарт төдийгүй, харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтран хөгжүүлэхээр ярилцав. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Германы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Берлин хотноо нээсэн “Мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, тус төвийг бэхжүүлэх, сурталчлахад хамтран ажиллахыг хүслээ.

Эрхэм Элчин сайд аливаа улс оронд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг тэмдэглээд ойрын жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

 

Дараа нь Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Канад нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг, хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг улс гэдгийг  Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газар харилцааны түвшинг шинэ шатанд гаргахын төлөө байгааг хэлэв. Ардчилсан, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй  орнуудын хувьд бүх чиглэлээр хамтарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.

Элчин сайд К.Ивкоф Ерөнхий сайдад баяр хүргээд цар тахлыг хумих, иргэдээ вакцинжуулах зэргээр авч байгаа арга хэмжээний дүнд бизнесийн салбар сэргэн, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, дотоод, гадаадын зорчих хөдөлгөөн нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.   

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*