Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг жил бүр байгуулж, төсвөө баталдаг. Баталсан гэрээгээ үргэлж зөрчиж байдаг. Тухайлбал, 2025 онд танасан төсвийн хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллах төлөвлөгөө гарган, 12-р сар хүртэл санхүүжилт авахаар гэрээ байгуулсан. Гэвч 2025 оны 6, 7, 8, 9 саруудын санхүүжилт олгоогүй, 10-р сараас хувийн эмнэлгүүдтэй хийсэн гэрээг цуцалсан тул эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдож, зарим эмнэлэг хаалгаа барихад хүрчээ.
Хувийн эмнэлгүүд улсын хэмжээнд 18 мянга гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, улсын эмнэлгийн ачааллын 30-40 хувийг хуваалцдаг. Хувийн эмнэлгүүд хүний нөөц, тоног төхөөрөмжөө худалдаж авч, байраа түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тоног төхөөрөмж авахдаа банкнаас зээл авсан. Иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний төсөв даатгалын сангаас орж ирэхгүй болсноор эмнэлгүүд банкны зээлээ төлөх, эмнэлгийн бусад зардлууд болон тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй болж буй тул Монгол Улсын Засгийн газар, ЭМДҮЗ, ЭМЯ болон ЭМДЕГ-т шаардлага хүргүүлж байгаагаа танилцуулав.
1-рт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бие даасан болгож, даргыг нь улс төрөөс хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй хүн томилох
2-рт, ЭМДЕГ-ыг ямар нэг яамны харьяалалд байлгахгүй, бие даасан болгох
3-рт, Тусламж үйлчилгээний санхүүжилтийг хамтын төлбөртэй болгох
4-рт, Сонгон шалгаруулалтыг өмчийн хэлбэр харгалзахгүй ялгаварлалгүй зохион байгуулж, иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь хангаж өгөх
5-рт, ЭМДЕГ гэрээний үүргээ биелүүлж, 6, 7, 8, 9 саруудын санхүүжилтийг олгооч гэсэн шаардлага тавилаа.
Хэрэв шаардлага биелэгдэхгүй тохиолдолд үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэж мэдэгдэв.