Шилдэг старт-ап шалгаруулна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас есөн дүүргийн шилдэг старт-ап шалгаруулах уралдааныг зарлалаа. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэгч залууст гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжих зорилгоор тус уралдааныг зарлаж байна.

Уралдаанд шинэлэг санаа бүхий старт-ап бизнесээ эхлүүлж буй 15-34 насны залуус, МСҮТ-ийн суралцагч, гарааны бизнес эрхлэгчид, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй старт-апууд хамрагдах боломжтой юм. Шилдэг старт-ап шалгаруулах тус уралдааныг “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Стартап Монгол” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уралдаанд бүртгүүлсэн залуусын дунд сургалт зохион байгуулж, хурдасгуур хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ.

Уралдаанд оролцох хүсэлтэй залуусыг зургадугаар сарын 12-ныг хүртэл бүртгэх бөгөөд долдугаар сарын 3-нд эцсийн шатны шалгаруулалт болно. Дүүрэг бүрээс шалгарсан хоёр багт тус бүр 10 сая  төгрөгийн санхүүжилт олгох юм. Уралдаанд https://forms.gle/QyRWCszan3Y7qGgj8  холбоосоор бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 9019-5391, 8677-8608, 9934-1676 дугаараас лавлаарай.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*