"Монгол хаан" жүжгийг дэлхийн театрын ноён оргил Broadway-д тоглуулахаар алдарт Nederlander групп Монголд айлчлах гэж байна.

Монголын үнэт өв соёлыг дэлхийд таниулан сурталчилж буй; Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй Төр” буюу “Монгол Хаан” жүжиг дэлхийн театрын ноён оргил Broadway-д удахгүй тавигдах гэж байна. Энэхүү бүтээлийг дэлхийн театрын ертөнцөд 100 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй алдарт Недерландер групп Broadway болон АНУ-д гаргахаар өнгөрсөн оны 12 сард Нъю-Йорк хотноо хоёр талын продюсерийн баг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. "Lion King", "Hamilton", "Wicked" зэрэг дэлхийн алдарт мюзиклүүдийг продюсерлан бүтээснээрээ алдартай; дэлхийн театрын тэргүүлэх группүүдийн нэг Nederlander групп нь Broadway-н 41 театрын 9 театрыг эзэмшдэг бөгөөд дэлхийн даяар 30 гаруй театртай, салбарын тэргүүлэгч продюсинг групп юм. Энэ нь "Монгол хаан" жүжигт болоод Монголын театрын урлаг, соёлын салбарт цоо шинэ хуудсыг нээж байна.

Монгол Хаан жүжгийн Америк дахь ерөнхий продюсераар Nederlander группийн ерөнхий захирал Боб Недерландер өөрөө ажиллах бол; ерөнхий менежерээр нь Disney-н "Lion King", "Beauty and the Beast" зэрэг Broadway-н алдарт мюзиклүүдийг продюсерласан Дон Франц ажиллана. Дэлхийн ард түмэн 13-р зуунд Эзэн Чингис хааны хийсэн агуу их байлдан дагуулалтаар ихэвчилэн Монгол орныг мэддэг. Тэгвэл 2000 жилийн өмнө Төв Азид болж буй уг зохиолоор дамжуулан Монголчууд болоод Төв Азийн үндэстнүүдийн өвөг дээдэс болох Хүннү нарыг моодонд оруулж; өнөөгийн дэлхий ертөнцийн газрын зурагт гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тэдний хүч чадал, манлайлал, няцашгүй эр зоригийг нь тунхаглан мандуулж; Төв Азийн түүхийн мартагдаж буй энэ бүлгийг урлагаар дамжуулан амилуулж буйгаараа "Монгол хаан" жүжиг нь онцлогтой.

"Монгол хаан жүжиг баатарлаг цар хүрээ, өвөрмөц түүхээрээ Америкийн үзэгчдийг байлдан дагуулна гэж итгэж байна. Бид энэхүү хүчирхэг бүтээлийг Broadway болон түүнээс цааш таниулахдаа нэр төрийн хэрэг байна" гэж ерөнхий продюсер Боб Недерландер хэлэв. 2023 онд Лондонгийн алдарт Колизеум театрт олон улсын анхны аялан тоглолтоо хийж; Лондон хотыг бүтэн сарын турш Монголоор амьсгалуулж; 40,000 үзэгчдэд хүрсэн "Монгол хаан" жүжиг нь дэлхийн өнцөг булан бүрийн мянга мянган үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсанаараа дэлхийн олон орны продюсеруудын хараанд өртсөн. 2024 онд Base Entertainment Asia-гаас хамтран санхүүжүүлэн Сингапурын Marina Bay Sands-д Азийн нээлтээ хийн амжилттай тоглогдож, Монголын театрын салбарт анх удаа олон улсаас хөрөнгө оруулалтыг татаж урьд өмнө байгаагүй жишиг тогтоосон. Өнгөрсөн оны 10-р сарын 10-наас 10-р сарын 26-ны хооронд Япон улсад аялан тоглолтоо танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай хийсэн уг жүжиг энэ 9-р сард Оросын алдарт Марийнский театрын урилгаар тоглогдох гэж байгаа билээ. Nederlander группийн удирдлагууд энэ 7-р сард их баяр наадмын үеэр Монголд айлчлан, Монгол Хаан жүжгийг үзэн, Broadway-д тоглуулах төслөө төлөвлөх ажлаар манай эх оронд айлчлах гэж байна. Дэлхийн А зэрэглэлийн Broadway-н продюсерийн баг Монгол бүтээлийг сонгон ажиллана гэдэг бол Монголын соёлын довтолгоон, Монгол уран бүтээлчдийн баяр юм. АНУ-д хийх “Монгол хаан” жүжгийн аялан тоглолтын тов 2027 оны эхний улиралд зарлагдана.

2026 оны 4-р сарын 12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*