Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй юм байна.
- Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна. Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.