Гамшгийн аюулыг зарлан мэдээлэхтэй холбоотой үндэсний стандартуудыг боловсруулж, батлууллаа

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага” MNS 6979:2022, “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа” MNS 6980:2022 стандартыг үндэсний стандартчиллын тогтолцоо MNS 0001-2:2006 “Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм”-ийн дагуу боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн С/39 дугаар тушаалаар  батлууллаа.

“Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага” MNS 6979:2022 стандарт нь зарлан мэдээллийн системийн төлөвлөлт, ажлын байрны эргономикийн ерөнхий шаардлагыг тогтоож, ажиллах тохиромжтой нөхцөл шаардлагыг бий болгох зорилготой юм.

Стандарт батлагдснаар гамшгийн аюулын зарлан мэдээлэх системийн техникийн ерөнхий шаардлагыг тодорхойлсон баримт бичигтэй болж, төсөл хөтөлбөр, зээл тусламжаар нийлүүлэгдэх, худалдан авч байгаа зарлан мэдээллийн техник хэрэгсэлд ижил шаардлага тавигдаж, Монгол орны цаг агаарын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал, дэд бүтцийн онцлогт тохирсон техник хэрэгсэлтэй болох, ашиглалтын зардал багасах, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах, тоног төхөөрөмжийн техникийн хүчин чадал ижил түвшинд хүрч албаны бэлтгэл, бэлэн байдал дээшлэх боломж бүрдлээ.

Харин “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа” MNS 6980:2022 стандарт нь бүх нийтэд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцыг нэгдсэн загварт оруулах зорилготой юм.

Энэхүү стандарт батлагдснаар системийн үйл ажиллагааг тодорхойлсон эрхзүйн баримт, бичигтэй болж, иргэдэд зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, бэлэн байдлыг хангах цаг хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*