Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.

Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны харьяанд байсан тус музей нь 2020 оноос хойш Улаанбаатар хотын харьяанд орсон юм. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Тодруулбал, нийслэлийн харьяанд орсноор анх удаа музейн үзмэр хадгалж, хамгаалах төсөвтэй болжээ. Мөн 2016 оноос хойш тус музейд нэмэлтээр долоон төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд оруулж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийдвэрлэж чаджээ. Боловсролын ажилтантай болсноор 2014 оноос эхлэн хотын түүх соёлыг түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулж ирсэн байна. Тухайлбал, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын арга зүйд нийцсэн, сонирхолтой хичээл, лекц, үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулан, мэдлэг олгох ажлыг хэрэгжүүлж иржээ.

Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт “Улаанбаатар хотын музейг олон нийтэд илүү таниулах, энд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар өнөөдөр ийнхүү уулзаж, ярилцаж байгаад маш их баяртай байна. Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж чадвал хэдхэн жилийн дараа хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан байртай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн музейн үйл ажиллагаатай танилцсан албаныханд хэлж байлаа.

Харин тус музейн арга зүйч Э.Гэрэлмаа “Нийслэлийн харьяанд орсноор төсөв, санхүүгийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа. Жишээлбэл, манай музей түүхэндээ анх удаа музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх төсөвтэй болсон. Үүгээрээ судалгаа, шинжилгээ хийн, музейн сан хөмрөгт зайлшгүй оруулах шаардлагатай бүтээлүүдийг нэмээд явж байгаа. Хадгалалт, хамгаалалтын тал дээр ч дэвшил гарч эхний ээлжид баримт бичгийн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулсан. Цаашид тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан музейн олон нийтэд чиглэсэн биет үйл ажиллагаа зогссон хэдий ч “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээл, “Бидний хот” нэртэй хотын түүхийг хоёр минутад өгүүлэх подкаст, “Нийслэл хүрээ” комикс цуврал болон цахим үзэсгэлэнг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй цахим үзэсгэлэнг дараах http://www.ubmuseum.mn/ холбоосоор үзээрэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*