Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.

"Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу толгой" ХХК 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.

Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай [1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.

[1] Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*