Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр“ болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.
Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор өнөөдөр нээлтээ хийлээ.
Сарын аяны гол зорилго нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Тиймээс байгалийн гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлээс /хүчтэй салхи шуурга, хар салхи, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/ урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ хамгаалах зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлт халуунаас үүдэлтэй стресс бухимдал, нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, томоохон үйлдвэрлэлийн осол, цаг агаарын эрс тэс байдал, халдварт өвчин, химийн бодисын нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Манай улсад сүүлийн 5 жилийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 1749 тохиолдол бүртгэгджээ. 2023 оны байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 408 тохиолдол бүртгэгдсэн бол 57 хүн нас барсан байна.
2023 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 408 тохиолдол бүртгэгдсэн нь дээрх 7 салбарт 316 тохиолдол буюу 77.4 хувийг эзэлж байна.
1. Уул уурхай, олборлолт-103
2. Тээвэр болон агуулахын үйл ажиллагаа-41
3. Боловсруулах үйлдвэрлэл-39
4. Үйлчилгээний бусад үйл ажиллагаа-38
5. Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал-37
6. Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа-30
7. Барилгын салбарт 28 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн 2023 оны байдлаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт 2593 өвчтөн мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад байна. Энэ онд шинээр 60 иргэн мэргэжлээс шалтгаалсан өвчний оноштой бүртгэгдсэн байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг салбараар нь авч үзвэл уул, уурхай олборлолт, барилгын салбар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт хамгийн өндөр тохиолдлууд бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний 1333 тохиолдол бүртгэгдээд байна гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.