Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 32 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2024.01.13) Монгол бөхийн өргөөндболлоо. Үндсэн хуулийн өдөрт зориулсан энэхүү хүчит бөхийн барилдааныг 1992 оноос жил бүр уламжлал болгон зохион явуулж буй юм. Өнөөдрийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Даншгийн дархан аварга, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглов.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны ойд зориулж Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг энэхүү уламжлалт барилдаан бөхчүүдийн чансаа шалгах эрэмбээрээ Үндэсний их баяр наадам, Цагаан сарын барилдааны дараа ордог гэж бөх сонирхогчид үнэлдэг. Энэ удаагийн барилдаанд олон сонирхолтой барилдаан гарсны гарсны дотор Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, аймгийн арслан Ж.Алтаншагай гурвын даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, дөрвийн даваанд улсын арслан Р:Пүрэвдагвыг хаяж, тавын даваанд улсын аварга О.Хангайтай хүч үзэн барилдсан нь үзэгч олныг шуугиулав.

Хүчит бөхчүүд уран мэх, хурц ухаан, хүч чадлыг сорин барилдаж, үзэгч олныг баясгаснаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангайгаар долоо давж түрүүллээ. Барилдааны их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэх начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.

Барилдааны тавын давааны дараа “Улсын цолонд ойрхон бөх”-ийн тусгай шагналыг олгохоор шийдвэрлэсэн юм. Шагналыг олныг шагшуулсан уран хурц барилдаан үзүүлж, их шөвөгт үлдсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээ, хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх Н.Өсөхбаярт хүртээхээр тогтож, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын Тамгын газраас олон арга хэмжээ явуулдгийн нэг нь Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор болсон энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 сарын 25-наас эхлэн улсын хэмжээнд анхан шат, хагас шигшээ, шигшээ тэмцээн гэсэн гурван үе шатаар зохион байгуулагдсан юм. Тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос энэ сарын 06-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон шигшээ тоглолтод 145 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх 7.5 оноогоор, эмэгтэйчүүдээс Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг 6.5 оноогоор тус тус тэргүүн байр эзэлсэн юм. Хоёрдугаар байрыг 7.0 оноогоор Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан, 6.5 оноогоор Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа нар, гуравдугаар байрыг 7.0 оноогоор Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир, 6.5 оноогоор Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр нар эзэлсэн юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх тэмцээнд түрүүлсэн болон хоёр, гуравдугаар байрт шалгарсан тамирчдад Спортын дэд мастер цол, үнэмлэх тэмдгийг өнөөдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*