Засгийн газрын өнөөдөр /2024-01-10/-ийн хуралдаанаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд ажиллагсдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох шийдвэр гаргалаа.
Дэлхийн дахинаа шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний 70 гаруй хувийг зоонозын халдварт өвчин эзэлж буй бөгөөд сүүлийн жилүүдэд мал, амьтнаас гаралтай зоонозын өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Монгол Улсад зоонозын халдварт 30 гаруй өвчнийг бүртгэж хяналтад авсан ба өвчний тохиолдол, дэгдэлтийн үед хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд хариуцан зохион байгуулдаг ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд 400 гаруй эрүүл мэндийн мэргэжилтэн ажилладаг.
Өнгөрсөн онд ЗӨСҮТ-ийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эмч, мэргэжилтнүүдийн ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг тодорхойлсон. Энэхүү үнэлгээний дүнг үндэслэн ажлын байрны эрсдэл, онцлог зэргийг харгалзан зарим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон уг нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгох асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газарт оруулан шийдвэрлүүллээ.
Ингэснээр эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа сайжирч, цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх юм.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ