Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна
Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг мөн эсэхийг таньж баталгаажуулах боломжгүй байгаагаас зарим тохиолдолд бусдын мэдээллийг ашиглан хуурамч мэдээ, мэдээлэл өгөх эрсдэл гарч буйг салбарын сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдаж байв.
Тэрбээр “Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Үндэсний цахим шуудангийн гол давуу тал нь, иргэн шууд төртэй харьцана. Төр ч иргэнтэй шууд харьцана. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд Монгол Улс албан ёсоор шилжиж байна. Заавал яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо” гэлээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т “иргэн, хуулийн этгээдэд иргэний хуулийн этгээдийн бүртгэлийн дугаараар үндэсний цахим шуудангийн хаягийг үүсгэнэ” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй 1,600,000 гаруй иргэнд тус системийг ашиглан төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа” системээр дамжуулан хүргэх, иргэнийг таньж баталгаажуулсан үндэсний цахим шуудангийн хаягаас өргөдөл, гомдол хүлээн авах, хариу хүргүүлэх боломж бүрдээд байна. Тодруулбал, иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа заавал биечлэн эсхүл утсаар өгдөг байсан бол энэхүү системээр дамжуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хариуг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг.
Үүнтэй холбогдуулан энэ системээр дамжуулан чиг үүргийн хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл, гомдлыг хүлээн авч хариу хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлага, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгалаа.