ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭД ТӨВҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ БОДЛОГО БАРИМТЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ХУД, ЧД, СХД-т, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тэрээр нүхэн гарц, тойрог зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, "Шар хад" дэд төв, орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хэрэгжилт зэрэгтэй танилцав. Дүнжингарав худалдааны төвийн урдуур тавьсан хэвтээ тэнхлэгийн замыг Нарны замтай холбохоор хоёр байршилд нүхэн гарц хийж байна. Харин Жанжин клуб орчим дахь нүхэн гарцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Үүний зэрэгцээ олон улсын Нарантуул худалдааны төвийн баруун урд талын уулзварт нүхэн гарц хийнэ. Ингэснээр Нарны зам болон Намъянжугийн гудамжны ачаалал 30 орчим хувиар буурна гэж  хотын удирдлагууд танилцуулав.

Цаашид:

-       Олон улсын Нарантуул худалдааны төвийн нүхэн гарц

-       Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшинд оруулах

-       25 км гол болон туслах гудамж зам

-       29 км шинэ тойрог зам

-       24 км холбоос гудамж замууд тавьснаар хөдөлгөөний ачаалал 27 хувь буурах тооцоо гарчээ.

 Гэр хорооллын дахин төлөвлөлт: Нийслэлд 1,694 га газрыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулахаас БЗД-т 598 га газарт 24 хэсэгчилсэн талбайд 14 аж ахуйн нэгж орон сууц барьж байна. Төслийн хүрээнд  5,156 нэгж талбарын 962 нэгж талбарт газар чөлөөлсөн, нийт 4,247 айлын орон сууц ашиглалтад хүлээлгэн өгчээ. Орон сууцаа ашиглалтад орохыг хүлээж 141 өрх түр суурьшуулах орон сууцанд, 22 өрх түрээсийн байранд амьдарч байна.

"Шар хад" дэд төв: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шар хад дэд төвийн төлөвлөлттэй танилцлаа. Дэд төв дүүргийн 8,9,10,17,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 300 ортой эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэг,  орон сууц, бусад барилга байгууламж барина. Нэгдсэн эмнэлэг гэхэд л эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Эмнэлэг барих хөрөнгийг 2022 оны төсөвт тусгана гэж Ерөнхий сайд хэллээ.

Орлогод нийцсэн орон сууц: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвд 10 мянган айлын холимог төлөвлөлттэй "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл" төсөл хэрэгжүүлж байна. Таван га бүхий 20 эко хорооллыг таван үе шаттай барих бөгөөд 15 хувь нь халамжийн түрээсийн, 55 хувь нь түрээслээд өмчлөх орлогод нийцсэн, 30 хувь нь зах зээлийн үнээр борлуулах орон сууц юм. Тухайлбал БЗД-ийн 19 дүгээр хороонд "Эрэл" компани 0,16 га  20 айлын загвар орон сууц барьж, дөрвөн айлын 0,16 га газрыг орон сууцаар солихоор чөлөөлжээ. Нэг айлын газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дунджаар 40 сая, 1м2 газар 100 мянга төгрөг. Энэ онд 2-3 өрөө орон сууцнуудыг автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт ашиглалтад оруулах юм байна.      

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төв замаа дагасан төвлөрлийг задлахын тулд Засгийн газар нийслэл хотыг дэмжихээс өөр аргагүй. Энэ хүрээнд зургаан дэд төв, цаашид 10 дэд төвийг хөгжүүлж, энд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах, төрийн байгууллагуудыг хотын зах руу нүүхийг дэмжинэ" гэлээ. 

"2022 оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийг хөгжүүлэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг,  ногоон байгууламж барьж, ажлын байр бий болгоход зарцуулах бодлого баримтлана. Ингэж байж төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулна" гэв. Мөн Засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг нэгдмэл бодлоготой байх ёстой гэж үздэгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*