УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Элчин сайд Д.Н.Гореликийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2023.09.14) Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Элчин сайд Д.Н.Гореликтэй дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох санаачилгуудаас дурдлаа. 

Манай хоёр орон нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг эрмэлздэг бөгөөд сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсролын харилцаа идэвхтэй өргөжиж байгааг талууд тэмдэглэв. Элчин сайд Дмитрий Николаевич Горелик, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс ирэх 11 дүгээр сард Минск хотноо хуралдахаар болсныг дурдаад, энэ үеэр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх олон талт боломжуудын талаар санал солилцоно гэв. Тэрбээр үргэлжлүүлэн, БНБУ-ын зах зээлд мах, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын асуудлыг онцгой анхаарч буйгаа илэрхийллээ. 

 

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан хэлэхдээ, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын төсөл, хөтөлбөрүүдийн тухайд том оврын ачааны автомашины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, мөн ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг байгуулах нь эдийн засгийн үр өгөөж дагуулна гэдгийг онцоллоо. Түүнчлэн соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх зэргээр харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудын тухайд талууд санал нэгдэв. Уулзалтын төгсгөлд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх айлчлалын хүрээнд харилцан мэдээлэл солилцохын ялдамд уг айлчлал нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд уламжиллаа. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*