ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлээд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уулзлаа. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яам, агентлагт бүтцийн шинэчлэл хийх, орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл зэргийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бүтээгдэхүүн үйлчилгээ хийлгэж буй компанийг дэмжих зэрэг шаардлагыг тавиад буй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гал унтраасан байдлаар түр зуурын шийдвэр гаргахгүй гэдгийг онцлоод “Аргацаасан шийдвэр бүр өнөөдрийн асуудлыг үүсгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн байгааг харж байна. Тиймээс салбар бүрд асуудлыг тусгахын тулд хамтарч ажиллана, цогц бодлого хэрэгжүүлнэ. Шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, УИХ-д өргөн барина” гэж хэллээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийн үйл явцыг судлахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй зарим үйлчилгээ хангалтгүй байна, энэ байдлыг засаж сайжруулах шаардлагатай гэжээ.  Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанд процессын дахин инженерчлэлийн энэ асуудлыг танилцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьж буй шаардлагын дагуу бусад салбарын саналыг хүлээн авах, газар дээр нь очиж ажиллах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийг хуралдуулах зэрэг ажлыг энэ өдрүүдэд хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*