Х.Нямбаатар: Халианы мөсийг хэт ихээр зөөвөл хуурайшил үүсэх тул зохих түвшинд байлгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

Сэлбэ, Туул, Нарангийн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс зургаан байршилд өмнөх жилүүдийн дунджаас их буюу 20 орчим см-ээр илүү хэмжээтэй халиа үүсээд буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэг, Сэлбэ гол орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Голын далан, гүүрийн байгууламжид эвдрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас халиа тошин үүссэн байршлуудад тогтмол арга хэмжээ авч, хянан ажиллаж байгаа. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 1, 2 дугаар сар нь халиа үүсэх хамгийн оргил үе байдаг бөгөөд гуравдугаар сараас суулт өгч эхэлдэг. Халианы мөсийг огцом, хэт ихээр зөөвөл 3, 4 дүгээр сард хэт хуурайшил үүсэх эрсдэлтэйг мөн хэлсэн тул зохих түвшинд нь байлгах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Сэлбэ голын гүүрэн доорх дулааны шугамд халиа тулж, уур гарч буйтай холбоотойгоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэргэжилтнүүд тухайн байршилд үзлэг шалгалт хийсэн. Үзлэгийн дүнд уг хэсэгт аваарын нөхцөл байдал үүсээгүй гэх дүгнэлт гарсан юм. ГУББГ-ын зүгээс халиатай хэсэгт мөсийг сувагчлах, гарсан мөсөөр далан босгох, халиа үүсээгүй хэсэгт сувгийг задалж, усыг урсгах зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэж байна хэмээлээ.

Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*