Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2333 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2455 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар 2333 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 991 хүн амь насаа алдаж, 150476 хүн гэмтэж /өвчилж/, 16.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 23.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2455 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 56.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 29.8 хувиар буурч, газар хөдлөлт 7.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн осол

Тээврийн хэрэгслийн ослын 42 дуудлагаар ажиллаж, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 23 хүнийг аварч, 19 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нас баралт

 Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 991 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 дахин өссөн байна. Үүний 819 буюу 83 хувь нь коронавируст халдварын шалтгаант нас баралт байна.

Нэрвэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын төрлийн 53 хувийг усны осол, 22 хувийг объектын гал түймэр эзэлж байна.

  Насны бүлгээр авч үзвэл 37 хувийг 36-64 нас, 32 хувийг 18-35 нас, 19 хувийг 6-17 нас, 6 хувийг 0-5 насны хүүхэд, 4 хувийг 65 түүнээс дээш насны иргэд тус тус эзэлж байна.

Харин хүйсийн хувьд 71 хувийг эрэгтэй, 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоогоор 1-рт Улаанбаатар хот, 2-рт Сэлэнгэ аймаг, 3-рт Дундговь аймаг орж байгаа боловч тухайн орон нутгийн 100000 хүн амд ногдох нас баралтаар 1-рт Дундговь аймаг, 2-рт Сэлэнгэ аймаг, 3-рт Баян-Өлгий аймаг орж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*