Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд дээрх тусгай дугаарт 2021 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.43 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 31 иргэн хандаж, 10 иргэн автомат хариулагчаас, 21 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа.

Иргэд дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Дархлаажуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 172 суурин, 14 явуулын, 15 түр цэгт 203 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 14 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

-Дархлаажуулалтын хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Арванхоёрдугаар сарын 9-нд нийслэлийн хэмжээнд I тунд 44, II тунд 116, нэмэлт сэргээх тунд 3585, нийт 3745 иргэнийг хамрууллаа. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.2 хувь байна.

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд хэдэн төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна вэ?

-НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь төрийн 48 байгууллагын 461 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нэг дороос шуурхай үзүүлэн ажиллаж байгаа. 2021 онд 1,482,606 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн.

Мөн төрийн үйлчилгээний шат дамжлага, бүрдүүлэх баримт бичгийг багасгах, тавигдах шаардлага, стандартыг өөрчлөх, төрийн байгууллага, албан тушаалтны дарамт, шахалт болон үйлчилгээ үзүүлэх явцад гарч буй хүндрэлүүдийн талаар  жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах зорилгоор Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт санал, мэдээллийг хүлээн авч ажиллаж байна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*