Л.Оюун-Эрдэнэ: Роснефть, "Эрчис ойл"-ын хамтарсан компани байгуулагдахад манай зарим улстөрчид таалагдаагүй

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд ирэх оны төсвийг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад нээллтэй хариулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн төслийн талаар тодруулсан асуултад Ерөнхий сайд хариулт өглөө.

 Тэрээр   "Оюутолгойн төслийг сайжруулах  ажлын хэсэг амаргүй нөхцөлд ажиллаж байна. Гэхдээ ахицтай урагшилж байна. Нэлээд санхүүжилт гаргаж, гадна дотоодын томоохон фермүүдтэй ажиллаж дэлхийн түвшинд эн тэнцүү мэтгэлцэх, шүүхдэх, санал шүүмжлэл өрнүүлэх чиглэлд ажиллах тал дээр Засгийн газар бүх боломжит хувилбарыг дайчлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй үр дүн гарсан. Зарим нэг зүйлд алдаа байсан гэдгийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн.

ТЭЗҮ дээр алдаа гарсан нь Монгол Улсын Засгийн газартай холбоогүй байсан гэсэн дүгнэлт хүртэл гарсан. Зарим хэсгийг нь хөрөнгө оруулагч тал хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. Бид ногдол ашгаа наашлуулах, Засгийн газар өр төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч талын удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, хэлэлцээг амжилттай хийхийн төлөө ажиллаж байна.

Зарим асуудлыг УИХ-тай зөвшилцөх шаардлага бий. УИХ-д Оюутолгойн хэлэлцээний зарим нэг зүйл дээр огтолцох цэгүүд орж байна. Зайлшгүй УИХ-тайгаа зөвшилцөх 2-3 шийдэл байна. Тогтоолыг өөрчлөх шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Хэлэлцээний явцад юу юу болов, Засгийн газар ямар тактик барьж ажиллав гэдгийг УИХ дээр танилцуулах саналаа УИХ-ын даргад уламжилсан байгаа. Аль болох ойрын хугацаанд байвал сайн. Бүх асуудлыг нээлттэй ярьж болохгүй. Засгийн газарт та бүхнээс улс төрийн дэмжлэг хүсч байна. Том шийдэл бүхэн цаанаа золиостой мөн цаанаа улс төр өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. 

 Жишээ нь Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой. Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магад. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. 

 "Оюутолгой"-той мөн адил. Роснефть, "Эрчис ойл"-ын хамтарсан компани байгуулагдахад манай зарим улс төрчид таалагдаагүй. Ил,далд олон зүйл болсон. Би "Үгүй" гэдэг зарчмынхаа байр суурийг хэлсэн. Гэхдээ цаашдаа энэ зүйл хийгдэх нь зөв гэсэн шийдлийн талд Засгийн газар зогсоно. Хэн нэгний лоббид эсвэл хэн нэгний компанийн эрх ашигтай үед төслүүд урагшлахгүй юм билээ.

 “Таван Толгой”-д чингэлэг тээвэр рүү шилжихээс өөр аргагүй болсон. Гэтэл чингэлгээр бус, ил тээвэрлэдэг хэсгийн ашиг сонирхлыг хөндөнө. Гэхдээ бид  тээвэр рүү шилжиж байна нүүрсээ ихээр гаргана. Нөгөөтэйгүүр БНХАУ ийм стандарт нэвтрүүлэхийг шаардаж байна. Гашуунсухайтын төмөр зам ирэх жил дуусна. 13 жилийн түүхтэй төмөр замаа дуусгана. Цэг холболтын асуудал гарна. Үүнд мөн зөрчилдөх асуудал их гарна. Богдхаан төмөр замыг тавьж байж хотын түгжрэлийг шийднэ. Түгжрэлийн ажлууд бүх хүнд таалагдахгүй байж болно, таалагдах ч боломжгүй.Давс мэт хатуу шийдвэрүүд гарна. Ингэхгүйгээр бид юуг ч шийдэж чадахгүй. Тиймээс  та бүхэн язгуур эрх ашгийн төлөө хамт байх ёстой. УИХ-даа бид нээлттэй байж бүх мэдээллийг өгч ажиллана” гэлээ. 

Эх сурвалж: Zarig.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*