У.Хүрэлсүх: Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа "Монгол Улсын төлөө зүтгэе"

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссантай холбоотойгоор Монгол Ардын Намаас мэдээлэл хийлээ.МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдэгдэл хийлээ.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийнхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Монголынхоо ард түмэндээ энэ оройн мэндийг хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор явагдаж, өндөрлөлөө. Манай ард иргэд телевизээр сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллийг бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь оролцсон байна. Энэ 60 хувиас МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Үүнийг би асар их хариуцлага гэж ойлгож байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах,  хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монголын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эх орондоо их зүйл хийгээрэй гэсэн итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байна.

Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ  эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ дарга, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Мэдээж сонгууль өрсөлдөөнтэй болдог. Бид энэ 14 хоногт сайхан өрсөлдлөө. Улс орон даяар явлаа, ард түмэнтэйгээ ярилаа. Энэ удаагийн сонгууль маш бага зардалтай боллоо. Хоёр нөхөртөө дахин амжилт хүсье. Улс төрийн ажилд нь амжилт хүсье, гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*