НЯМБААТАРЫН НЯМБАЙ "ЦЭВЭРЛЭГЭЭ"

“Монголын ЗГ нэг зараатай болж байгаа юм байна даа” гэсэн чинь хүмүүс нэг сүрхий ойлгохгүй янзтай. Яагаав, онцгой комисс! Энэ түүх ингэж эхэлсэн…

Аливаа намын зорилго бол Засгийн эрхийг авах. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламент зүгээр хог болчихсон шүү дээ. Өдөр бүр чуулган үзэж, гишүүд од болдог үе өнгөрсөн. Одоо тэр гишүүдийг таньдаг хүн байдаг ч юм уу үгүй юм уу бүү мэд. Улстөр сүрхий ажигладаг би ч олонхийг нь танихгүй. Таниад ч яах юм билээ, онцын ач холбогдолгүй болчихсон. 

Ер нь гишүүн бол угаасаа санхүүгийн эрх мэдэл султай харин улстөрийн эрх мэдэл чангатай байсан юм. Хуучин ч гэсэн дээ, “Гишүүнд юу байдаг юм, сая төгрөгийн цалин, сахартай хар цай л өгдөг. Сул гишүүнээс сумын дарга дээр” гэдэг байв.

Зүгээр л албан ёсны улстөр ярья, УИХ-ын гишүүн тойрогтоо жаахан юм хийх санаа байвал ЗГ-ыг тэр дундаа Ерөнхий сайдыг шантаажилдаг байсан юм. Хэрэв айлгаж чадвал хэдэн төгрөг татна. Тэр нь тойрогт нь хэрэгтэй эсэх нь хамаагүй л дээ, сонгогчид нь уулзалтаар юу сонирхдог гэхээр “Хэдэн төгрөг олж ирэв?”. Дээвэр засах, сургуулийн цонх шиллэх, явган гүүр барих, жорлон доторлох... ийм юм тойрогт нь ирэхээр хүмүүс баясна, харин хуультай ноцолдохоор гишүүн ажлаа хийсэнгүй л гэдэг. Эцсийн дүндээ жорлон доторлох мөнгө ЗГ-ын хувь заяаг шийддэг байв.

Нэг гишүүн, сургуулийн засварын мөнгө өгөхгүй бол боловсролын сайдыг өргөн барина, гүүр засахгүй бол зам тээврийн сайдыг өргөн барина, үүнийгээ самар цөмөх гэнэ. Нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд кабинетаа өөрөө мэдэж томилдог болсон тул самар байхгүй болсон. Арай бядтай нь 19 гарын үсгээр Ерөнхий сайдыг өргөн барина. Өөрсөддөө өргөн бариад, өөрсдөө шийднэ шүү дээ! Гарын үсэг цөөн байхад тоохгүй, харин сүүлийн гурван гарын үсэг бол цэвэр наймаа “Би зурлаа” гэсэн ярилцлага бүрийн дараа Ерөнхий сайдын өрөөнд уригдаж, хөрөнгө оруулалтаа шийдүүлнэ. Тэгээд төсөв замбараагаа алдаж тодотгол хийнэ, шалтаг нь төсөв хүндэрлээ гэдэг ч яагаад тодотголоор хүндэрсэн төсвийн зардал нь өсөж батлагддагийг хүмүүс ойлгодоггүй... Харин мөнгө шийдүүлээд дунд шат руу явуулахад тэнд нь нөгөө намын хүмүүс засаглаж байвал гишүүнд юу ч наалдахгүй, нөгөөдүүл нь тууз хайчлаад гараа угаагаад дуусгадаг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг нь хязгаарлачихсан юм. Ингээд сануулж байсанчлан “Ерөнхийлөгч нь биш канцлер нь дарангуйлагч болдог” Ваймерийн БНУ-ын загвар тогтов. МАН-ын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан байдаг. АН-ын Ерөнхий сайдуудаас МАН-ын Ерөнхий сайд илүү азтай нь энэ заалтаар дамжуулж “намын бодлогоор” гишүүдээ бариад байж чаддаг байв, учир нь МАН даргадаа түшигтэй. Харин АН-ынхан үүнийг ажиглаад хуултал хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болчихсон. Нам нь ч булгиад, парламент нь ч булгиад авч шидчихээд байсан хэрэг. Нэмэлт өөрчлөлтөөр парламент талаасаа хамгаалалттай болсон Ерөнхий сайд хатуу сахилгажсан намын даргыг хавсрахаар дийлдэхээ больчихно биз?

Анхны ийм Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байв. Монголын ёсоор бол хаан нь Х.Баттулга, чинсан нь У.Хүрэлсүх байсан, чинсан ханцуйдаа хутгатай байж. Түүний хүчийг өнгөрсөн сонгуулиар харлаа шүү дээ! Өөрөөс нь илүү нэр хүндтэй, зэрэг дэвшвэл иппон савчихаж чадах  Ерөнхийлөгчийг хааш нь ч гаргахгүй барьж байгаад дэвшүүлэхгүй болгож байгаад өөрөө зүгээр л ялчихлаа. Түүний гарт нам засаг, цэц, мөнгө, хууль, парламент бүгд байсан учраас тэр...

Тэгээд ялсан юм. Сонгогчдод ч салаавч үзүүлэхэд яаж ч чадахгүй байгаа биз? Түүнийг ялуулахын тулд АН дахь либерал фракц маш их тус дэм үзүүлсэн. Тэд Х.Баттулгыг дарангуйлагч болох нь гэж дэвхцэж, үсээ үгтээж байв. Гэтэл үнэндээ дарангуйлагч болох хүн У.Хүрэлсүх байсан. Бодоод үзвэл тэдэнд өөрийн намын биш МАН-ын дарангуйлагч хэрэгтэй байгаа биз?

У.Хүрэлсүхийн дараа

МАН-ынхан У.Хүрэлсүхийг сэвчихэв. Гэвч тэр Ерөнхийлөгч болон болтлоо намын тамганаасаа бат зуурч байв. Намгүй бол сонгуульд хэн билээ? М.Энхболдын алдааг давтахыг хүсээгүй юм. Ер нь тэр хэн ч итгэж болохгүй хүн гэж танигдахынхаа хэрээр хэнд итгэдэггүй хүн болон хувирч байсан юм. Нөгөө талаас МАН 100 жилийнхээ ойгоор ялахгүй бол өтөл дорой харагдах байсан.., мавр хийдгээ хийсэн, мавр явах ёстой!

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болмогц МАН түүний фракцыг, цагтаа “асаалттай 10 танк” гэгдэж байсан МАСЗХ-ны үлдэгдлийг түүнтэй хамт цөлөв. Одоо нам дээр шинэ залуучуудын байгууллага НАМЗХ бүрэн ноёрхдог болов. НАМЗХ бол МАН-д уламжлалаа дагаж, “Бошгыг халах”-ынхны үүрэг гүйцэтгэсэн.

Тэгээд У.Хүрэлсүх хуулиар намаасаа түдгэлзэж байгаа учраас намын даргын тамгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэв. Ингэхэд тамга очсон л байгаа даа? Үгүй гээд Л.Оюун-Эрдэнэ нэгэнт зарлагдсан тул хууль ёсны намын дарга. МАН-д дахин нэг үе солигдов. Харин АН өнөө л Эрдэнээгээ салж чадахгүй мунгинасаар...

Энэ өөрчлөлтийн үеэр У.Хүрэлсүх тамгаа өгөхгүй гэж гэдийх, эсбөгөөс генсекдээ өгчихөөд хууль дүрэм ёсоор намын их хурал зарлаж шилжүүлнэ гэж цахдах болов уу гэж харж байсан ч тэгсэнгүй. АН бол өлхөн ингэнэ, соёл нь өөр юм.

Хятадын эртнйи зүйр үгэнд “Засаг солигдох үед амьдармар” гэсэн хараал байдаг юм гэнэ билээ. Хамгийн хүнд үе энэ зурвас үе байдаг гэсэн үг л дээ. Шинэ засаг бэхжихийн тулд хуучнаа халах шаардлагатай. Бүр нэг намын дотор байсан ч. Өмнө хэлсэн намын зорилго бол засаг барих болохоос хууль батлах биш! Бодат эрх мэдэл зөвхөн засагт бий!

Өнөөгийн нөхцөлд засаглалын хуваарилалт МАН-ын шинэ-хуучны талд тэгш бий. Ерөнхийлөгч, ҮАБЗ-ын дарга, УИХ-ын дарга хуучин МАСЗХ-ных. Харин Ерөнхий сайд ба түүний баг НАМЗХ-ных. Парламент бол эрээвэр хураавал, хаана харъяалагдахаа ч мэдэхгүй яваа нөхөд олон. Үндсэндээ МАН-ын сүүлийн хоёр үе засаглаж байна, Засгийн газарт илүү шинэ үеийнхэн ажиллаж байна.

Засаг солих процесс

Засаг тогтвортой ажиллахын тулд эрх хүчээ үзүүлэх хэрэгтэй болдог. Ерөөсөө ардын үлгэрт гарсныг анзаардаггүй болохоос аливаа баатар 60 жилийн жаргал, 80 жилийн найр хийхийн өмнө хоёр тулаан хийдэг. Эхнийх нь гадны дайсан, атгаалжин хар мангасыг дардаг, нөгөөх нь өмнөх хааныг халдаг.

Дайсныг дарахад нөхөр сэлт хэрэгтэй. Гадаад ба дотоод орчин нягт уялдаатай байдаг. МАН-д гадаад дайсан бараг л алга. АН алийгаа алдаад дараагийн ялагдалдаа бэлтгэж байна. Эрдэнэ дарга байсан цагт энэ нам өөд нар үзэхгүй. Гэтэл сольж чаддаггүй!

Парламентын ач холбогдол буурснаар парламент дахь сөрөг хүчин юу ч биш болсон. Дээр нь АН хуваагдсанаас С.Эрдэнэ парламентын бүлэгтээ адлагдсан тул зохион байгуулалттай сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах чадамж АН-д үндсэндээ алга!

Дээр нь АН-аар тоглоод сурчихсан Д.Амарбаясгалан МАН-ын генсек байгаа цагт, шатрын өрөг дээрх байршил ийм байгаа нөхцөлд АН-аас МАН-д дарамт үзүүлж нөлөөлөх өчүүхэн ч бололцоо байхгүй, ядаж Ерөнхийлөгч АН-ынх байхад илүү үчтэй байсан ч түүнийгээ АН-ынхан өөрсдөө хадган дээр тавиад МАН-д өргөчихсөн. Үндсэндээ АН үндэсний ба либерал жигүүрээр хоёр хуваагдаж тус тусдаа босохгүй бол цаашид ийм байдлаар амжилт олох нөхцөл байхгүй, улстөрийн хорт хавдартаа идүүлж, хэвтэрт байсаар дуусна. Одоо ч эцсийн үедээ орж байна, нөхөн сонгуулиар энэ нь нотлогдоно доо!

Наад зах нь Эрдэнийн нам хэвлэлийн хурал хийж ЗГ-ыг шүүмжилмэр аядахад түүнийг нь дамжуулах хэвлэл мэдээллийн хэрэгсэл алга! Чөлөөт хэвлэлүүд худалдагдсан юм биш л дээ, луйвардуулсандаа шаралхаж бойкот хийсэн юм. Бойкотлохын учир 2020 оны УИХ-ын болоод 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацуулсан нэвтрүүлэг, рекламныхаа мөнгийг төлөлгүй “гол гаргасанд” бий. Одоо нөхөн сонгуулиар 3 дахиа хууртахгүй, ардчиллын нэр бариад ч нэмэргүй, ардчилал бол луйвар биш юм.

Харин асуудал МАН-ын дотоодод бий. Хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийн талбарт тогтоосон ноёрхлоороо дамжуулж Засгийн эрх барихад оролцох хүсэлтэй бүлэглэлүүд хамгийн хорлонтой явуулга хийж байгаа билээ. Цөөхөн явуулгуудыг харъя!

  1. Эмч нарын цалингаа нэмүүлэх “бослого” Л.Оюун-Эрдэнийн “Өөрт авагдан буй мэдээлэлд үндэслэн хатуу арга хэмжээ авна шүү!” гэсэн сүрдүүлгийн дараа нам зогсохыг анзаарсан уу? МАН-ын, өмнөх ЗГ-ын гишүүний хутган үймүүлэх ажиллагаа мөн байгаа биз!? Яг эмч нарын хүсэл зориг байсан бол ингэж зогсохгүй байсан юм...
  2. Ардын хувьсгалын 100 жилийн ойг харин гацааж дөнгөсөн. Учир нь наадмын өмнөх хаврын синдромын төгсгөлөөр эмч нар, жижиг дунд бизнес эрхлэгчид, сөрөг хүчний орон зайд тоглох хүсэлтэй сайн дурынхан нэгдэх шахсан юм. Зохион байгуулагч нь МАН дотор байсан. Тэд 100 жилийн ойг хойшлуулж дөнгөсөн ч ЗГ-ийг буулт хийлгэж, засаглалд оролцох санаархлаа хэрэгжүүлж чадаагүй тул наадмын концертод уураа гаргаад сарнив. Харин одоо энэ хэргийг шалгаж байгаагаа ТЕГ зарлав.
  3. Замын-Үүд дэх гацаа эдийн засагт маш ноцтой хохирол учруулсан, түүний хор уршгийг арилгах ажил маш удаан үргэлжилнэ. Хэн саатуулаад байв? Ерөнхий сайд өөрөө очоод буцаж ирмэгцээ ЗГ хуралдуулж зургаан албан тушаалтныг халж, Замын-Үүдэд ажиллаж байсан төрийн боловсон хүчний бөөгнөрлийг орвонгоор нь солив.

 

Ийм өргөн хүрээтэй, богино хугацаатай төлөвлөсөн ажиллагаа урьд өмнө тийм олон болж байсныг санахгүй байна. Эрдэнэтийг Ш.Отгонбилэгээс булаах, ТЕГ-ыг “цэвэрлэх” М.Энхсайханы ажиллагаа, “Центрпойнтын хэрэг” зэрэг цөөн түүх бол бий. Маш хатуу дэглэм тогтоосон ба импортын гол боомт Замын-Үүд, экспортын гол боомт Цагаанхадыг хүн оруулж гаргахыг нь хүртэл хянаж тусгаарлаж байж, үндсэндээ дэглэмжүүлж байж хэвийн ажиллагаанд оруулж байна. Тэр “Бага газар”-т хуучны томъёоллоор хөл хорио, баривчилгаа, халаа сэлгээ, цөллөг, мөрдлөг бүгд явсан.

 

Үр дүнд нь Л.Оюун-Эрдэнэ гааль, МХГ, ҮТЕГ, дотоодын цэрэг, цагдаа, АТГ зэрэг салбаруудад ноёрхсон дотоодын фракцынханд эвгүй сануулга өгсөн юм. Хэнийг чинь ч энэ сэжмээр дамжаад баривчилж чадна шүү, хэрэг бол олдоно! Угаасаа олдоно л доо, бүр бэлэн зэхээний бий! Үүний дараа МАН дахь идэвхжсэн бүлэглэлүүд нам жим болов.

 

  1. ХЗДХ-ын сайд, зүүн өмнөд хязгаарыг тохинуулах сайд Х.Нямбаатар жанжин “аян дайн”-аас буцаж ирмэгц ЗГ “Онцгой комисс” байгуулснаа зарласан билээ. АН-ынхан ойлгоогүй, МАН-ынхан нэрэлхэж айгаад “Авилгатай тэмцэх” комиссын мөн чанарыг ил зарлаж чадаагүй. Өмд нь хуурай үлдсэн хүн байвал гэмгүй л гэсэн үг.

 

Хуучин ёсоор энэ онцгой комисс “Тройка” загвараар бүрдсэн. Сондгой гэсэн үг. Энэ бол өнөө шуугиад байдаг хонгилоос ч аюултай шуурхай бүтэц агаад хэнийг ч, үзэмжээрээ, авилгын гэх хэргээр татаж, хорьж, шийтгэж чадна. Комиссын дуулианд АТГ бүр мартагдсан, У.Хүрэлсүхийн үед авилга хээл хахуулийн хэргээр баригдагсад өдгөө цувран суллагдаж, өнөөх нь нүглээ наманчилж байгаа энэ үед буцаад энэ комиссоор “малиндуулсан” хэнбугайг олон нийт огт хамгаалахгүйгээр барахгүй авилгач гэгдсэн хэний ч мууг үзэж таашаал авахад бэлэн сэтгэл зүйн орчин нийгэмд бүрдчихээд байгаа юм. Мэдээж комиссын хурц үзүүр дотоод руу Засгийн эрхийн төлөө чиглэнэ, маш хүчтэй сахилгажуулах зорилготой юм хойно. Яах вэ, АН-аас үзүүлэнгээр жишээ нь С.Эрдэнийг татаж болно, тэр У.Хүрэлсүхтэй тохирсноос Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцоогүй!

 

Хамгийн гол нь үүнийг ХЗДХ-ын Х.Нямбаатар толгойлно. До яамны нэр энэ яамнаас салаагүй л байгаа шүү! Одоо тэрээр МАН, АН-ын эсэргүүцэж болох бүхний материалыг цуглуулж, танилцаж хавтаслаж, үдэж байгаа. Түүнээс мултарчих амьтан байхгүй л болов уу, учир нь маш нарийн тороор шүүрдэнэ, комисс байгуулснаа л зарласан болохоос комиссын ажиллах журам, эрх мэдлийн талаар олон нийт ямар ч ойлголтгүй байгаа, хэрэв комисс хүссэн мэдээллээ холбогдох байгууллагаас татан авах эрхтэй бол тэгээд дуусаа! Үүнийг зааж сургадаггүй Ц.Нямдорж ч гэж хаа байх вэ? Одоо энэ машины тосолгоонд эрчим хүчний хөнгөлөлтөөс шамшигдуулсан өөхтэй жараахайнууд орж байгаа даа!

Зараа

Зарааг оросоор “Еж” гэдэг, Ежов яалаа? Нөгөө талаар гэмтэнгүүдэд “Гөлгөө яалаа!?” гэдэг үгийг сануулах л байх! Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүхийн шинэтгэл, АТГ-ыг Ерөнхийлөгчийн мэдлээс мэдлээс салгаж Ерөнхий сайдын мэдэлд авах цогц ажлыг чухамхүү Х.Нямбаатар хариуцаж хийсэн. Хэрэв шүүх, АТГ-г алдвал Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болох нь гэж сануулж л байсан, гэвч тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга тоогоогүй, тэр эдийн засгийн асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд эрх мэдлийг төдийлөн тоогоогүй, одоо түүнийг мөргөөд Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх хөвөгч сандал дээр сууснаа мэдэрч байгаа байх, үнэндээ тэр хөдлөх аргагүй болсон.

Х.Нямбаатар энэ системийг өрсөн бөгөөд өнөөдөр Засгийн газрын гол хамгаалагч нь тэр болчихоод байна. Тийм ч учраас сүүлийн үед түүн рүү чиглэсэн элдэв цуурхал идэвхжиж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын бүтээсэн комисс-машин ажиллаж эхэлж байгаа бол нөгөө авилгачид нь зөнгөөрөө сөрөг реакц үзүүлж байж ч магадгүй л юм.

Шинэ үе нь хуучин үеэсээ илүү шаргуу, шазруун байна. Сэлэм эргүүлдэг МАСЗХ-ын үе өнгөрөөд одоо ханцуйдаа “хуульчлагдсан хутгатай” шинэ үе гарч ирж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн ариутгах майхныг харчихаад “Өө, ийм юм хийхээр чинь аргагүй шүү дээ...” гээд л буцсан. Хамгийн алдартай афоризм. Гэвч тэр эргэж ирээд Замын-Үүдэд ариутгах төхөөрөмж суурилуулахаас илүүтэй албан хаагчдын дунд цэвэрлэгээ хийх “ариутгах комисс” байгуулахыг чухалчилсан байна.

Нийтийн сүлжээгээр тэр нэг марзан гарчгийг шоолж байгаа ч Л.Оюун-Эрдэнэ араа шүдээ үзүүлж байгаа хэрэг, тэр араа шүд нь комисс, эрүү нь Х.Нямбаатар! Дээр нь Ерөнхий сайдад ТЕГ гэж хүртээмжтэй байгууллага харъяалагддаг.

Зүгээр бодоод үз! Цар тахлын улмаас онцгой байдал зарлахад ХЗДХЯ ЭМЯ-наас ч илүү үүрэг рольтой оролцож байна. Цагдаа нар эмч нараас илүү гарна уу гэхээс дутахааргүй ажилласан, дээр нь дотоодын цэргийг ч нэмж дайчилсан. ЭМЯ элдэв асуудалтай бүдчиж явахад ХЗДХЯ ямарваа нөлөөлөлгүй ажилласаар л байна. Хамгийн тогтвортой ажиллаж байгаа яам, нөгөө талаас ЗГ-аас авч буй шийдэмгий арга хэмжээ бүрд Х.Нямбаатар “нохойд барьдаг муна” шиг явж байна. Халж, сольж, барьж, тавьж... Хууль эрхзүйн орчны томоохон өөрчлөлт, нэмэлт эрхгүйгээр энэ бүхнийг зохион байгуулах чадамж түүнд байна!

Харин нүдээрээ инээсэн, англи хэлтэй, боловсон Л.Оюун-Эрдэнэ “чиглэл” өгөхөд л болно. Сталин ч ердөө ардын дайсантай тэмцэх чиглэл өгсөн байдаг юм. Гэтэл тэр “чиглэлд” үй олон ардын дайсан байсныг илэрсэн байдаг юм.

Аливаа засаглалын хүч чадал цэцэн цэлмэг, ухаантай зөвлөгчдөд биш харин чимээгүй, туйлын ажилсаг “воркахолик” цуцахыг мэддэггүй хүмүүсийн гарт байдаг. Ийм хүмүүс элдэв уран нарийн юм бодохоосоо илүүтэй нэг л зорилго тавиад маш тууштайгаар заримдаа хэт “бүдүүлэг” арга барилаар үр дүн багатай ч хамаагүй зогсолтгүй урагшилж л байдаг. Тэгээд зорилгодоо хүрвэл эцсийн үр дүн тэр!  Шүүмжлэл, дарамт шахалт, сүрдүүлэг, басамжлалыг үл тоон зүтгэхдээ харин ч тэр бүрээс цэнэг авч байгаа мэт харагддаг. Шүүмжлэлийн хариуд ажиллаж, дарамтын хариуд дарамт үзүүлээд, сүрдүүлэгийг өөрт нь оноож, басамжилсны нь хариуг өгдөг. Ийм хүн дээрээ сайн хамгаалалттай ажиллавал уулыг нурааж, усыг эргүүлдэг. Сүүлийн жилүүдэд ийм кадрууд ихээхэн амжилт олж, ахиж дэвшиж байна. Түүний нэг жишээ бол Х.Нямбаатар. Намд нь бол Д.Амарбаясгалан байна. Ийм хүмүүс хүнд биетэй хөнгөн толгойтой баронуудыг туйлдуулдаг. Ийм хүмүүс яагаад ч юм бие хаа жижиг байдаг... бас яагаад ч юм шоргоолж санаанд ороод байдаг юм.  

Одоо энэ “засаглалыг” өөрчлөх боломж бараг л байхгүй. Эсэргүүцсэн бүхэн “авилгын” хэргээр дээлээ нөмөрнө, Нямбаатар нь нямбай ажиллана. Засгийн газар маш хүчирхэг бөгөөд эрх мэдэлтэй болсон, Үндсэн хуулиар...

Улстөрийн тэмцэл, явуулгууд хуучин голдуу Засгийн газар гэсэн фронт дээр явдаг байсан бол одоо парламент, эсвэл нам гэсэн фронт дээр л явагдана. Үндсэн хуулийг өөрчилж байхад “Үлгэрлэвээс япон лугаа адил, Ерөнхий сайд нь парламентаа тараах эрхтэй” байх хүртэл санал яригдаж, олон нийт дэмжих хандлагатай байсан ч эрхбиш хаант засагтай улс биш тул парламентын засаглалын хэмжээнд тултал нь эрх мэдлийг зөөн шилжүүлсэн юм. Парламентын унхиагүй байдал, шийдвэргүй эргэцсэн жилүүд, засаг захиргааны бүтцийг эвдсэн тойргийн систем иргэдийг залхааж, тэвъяадуулсны үр дүн энэ. Эрх мэдлийг төрийн аль нэг өндөрлөгт төвлөрүүлэхийг хүсэж шаардаж байсны биелэл.

Чухам энэ бүхнийг Х.Нямбаатар ихээхэн үүрэгтэйгээр зохион байгуулсан. Өмнөх Ерөнхийлөгчтэй хамгийн их зөрчилдөж, эрх мэдлийг Засгийн газар руу чирсэн нөхөр бол тэр! Одоо ЗГ унагаснаас парламентыг тараасан нь хамаагүй амар болсон.

МАН дахь сүүлийн 30 жилийн хамгийн том бослого “Энхбаярын бослого” дарагдаж, дагаар ороод, толгойлогч нь номын санчаар ажил заагдсан. Тэрбээр шинэ “Үндсэн хууль” мөрөөдөж байгаа ч Кампанеллийн “Нарны хот”-рхуу зохиол болоод түүнтэй хамт архивт шилжих магадлал нь илүү өндөр. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт бол дагаар орох шалтаг л байснаас шалтгаан байгаагүй, туйлдаж ядарсан, эрх мэдлийн хүрээнээс хаягдсан намын бууж өгөх нэр төрөө хадгалах боломж. Нарийндаа МАН ба АН гэсэн хоёр том хүчний тэнцвэр дунд тоглож байсан л нам, гэвч АН сүйрчихээр дангаар сөргөлдөх массын болоод санхүү, үзэл санааны нөөцгүй болчихсон хэрэг.   

Их сайндаа У.Хүрэлсүх Г.Занданшатарыг өдөөж парламентаар “Үндсэн хууль”-ийг өөрчлүүлж, засаглалын тэнцвэрийг сэргээх, өөрт эрх мэдэл нэмэх оролдлого хийж магадгүй, өөр ЗГ-ыг хязгаарлах ямар ч боломж байхгүй. Одоо тэр юунд “Ерөнхийлөгч болов доо, хуучин суудалдаа байж байх минь яав?” гэж бодож байгаа байлгүй. Гэм нь урдаа болсон л доо! Энэ гарцыг улстөрчид тэнэг биш учраас харсан, гэвч саяхан өөрчилсөн Үндсэн хуулийг ахиж өөрчлөх тухай ойлголт, өнөөгийн тогтолцооныхоо боломжийг ашиглаж үзээгүйн улмаас үүссэн хүлээлт хоёр том саад болно.

Ингээд МАН-д цоо шинэ үе гарч ирлээ, бүр 1980-аад оныхон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийгмээрээ цочиж хүлээн авсан тэр үе халсан өөрчлөлт үргэлжилж байгаа юм. Эдний эсрэг хүчин нь 1960-аад оноос өмнөх үеийн бүх хуучуул. ЗГ-ын фронт дээрх тэмцэл бол нарийндаа шинэ хуучны тэмцэл. Хуучуул залуучуудыг хагалж, нэгийн эсрэг нөгөөг турхирдаг уламжлалт аргаар ажиллахыг хичээж байна. Хэлэлцэж тохирсон Эрдэнийн намыг ч турхирч байна. Харин шинэ үе нь үүнийг намын улстөрийн курсээр өөр дээрээ дадлага хийж ойлгосон учраас үе дотроо толхилцолгүй өмнөх үеэ, цаад эздийг нь боомилж байгаа хэрэг. Энэ манай ард түмний хүсэл эрмэлзэл биш гэж үү? гэж асууна л даа. Ийм тийрэн босгочихоод дараа яахаа мэддэггүй нь ард түмний алсын хараагүйнх болохоор маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги л гэж хүлээж авна.

Аа тийм, үлгэрт гадаад дайсныг дардаг байх аа? Тэр бол Оюутолгойн арбитрын шүүхийн асуудал. Үүнийг амжилттай давбал Л.Оюун-Эрдэнийн ЗГ тогтвортой засаглана. Үүнийг нь бас л Х.Нямбаатар хариуцаж байна!

Явж явж ЗГ-ын бүхий л чухал ажил дээр түүнийг л томилж байна. МАН-д угаасаа өргөн талбарт тулалдах олон жанжин байхгүй, шинэ үе бүрэн засаглаагүй, шинэ чадварлаг, авьяаслаг хүмүүс нь тодроогүй, харагдаагүй байна, тиймээс Х.Нямбаатараа л зүтгүүлж байна. Нөгөө талаас дотоод цэвэрлэгээг гардан хийж байгаа учраас “Рио”-гоос шургалагчдыг тэр л хамгийн сайн мэдэж ажиллаж байх, бас хуульч юм. Бас нэг саад байгаа нь Ц.Нямдорж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй! Гэрээний өмнө хууль засаад УИХ-ын даргаас буусан хүн шүү дээ!

Явж явж Монголын түүхийн сүүлийн 15 жилийн хугацаанд Монголын Засгийн газрын хамгийн том дайсан бол “Рио Тинто” байсан. Одоо Засгийн газар эрх мэдлээ ашиглаж, үндэсний эрх ашгаа хамгаалж чадах эсэх, “Рио Тинто” хэт ашгаа хамгаалж чадах эсэхийг харуулах тулаан болно. Ашиг ба эрх ашгийн тулаан!

Хэрэв энэ тулаанд Х.Нямбаатар ялбал АН 2024 онд юм хүлээлтгүй, харин нэг сайн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд бэлтгэсэн нь дээр. МАН-ын хууччуул тэтгэврээ хөөцөлдвөл зүгээр...

Харин ялагдвал Ежовыг яалаа? Бүхнийг хийсэн учраас түүнийг буруутгасан, их удирдагч хоёрхон хүнийг цаазлах тушаал дээр гарын үсэг зурсан байсан гэнэ билээ...  

Ийм л юм болж байна даа...

 Эх сурвалж: Baabar.mn Алтанхуяг

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*