Гуравдугаар сарын цаг агаарын төлөв

 Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

  Цаг агаарын муудалтын (хүйтрэлт) үеүдийг авч үзвэл нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ.

 Харин хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн өмнөд захын сумдын нутгаар олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

   Мөн нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 15-18 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун болон говь талын нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар:  Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завхан, Өвөрхангайн баруун өмнөд хэсэг болон Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8°С-аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-8°С-аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арв хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 15-18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн хойд хагас, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн өмнөд хагас, Дорноговийн өмнөд захын сумдаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед түр зуур 24-28 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*