Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд өнөөдөр (2021.05.03) “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийсэн.
Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Enica Organic Impex” компани эхний ээлжинд олон улсын стандартыг хангасан 28000 ширхэг 11 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдрөөс эхлэн нийлүүлэхээр болсныг тодотгоод уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Монгол орны хөрсөнд ургуулсан чацарганыг экспортолж хийсэн “Чацарганын үрийн тос”-ноос эхлээд байгалийн гаралтай органик түүхий эдээр хийсэн гэдгийг тодотгов.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын зүтгэлийг урмаар тэтгэх, сэтгэлийн дэм өгөх уг аяныг цаашид ковид-19 цар тахлын халдвар аван эмчлүүлж байгаа хүүхдүүдэд туслахад чиглүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус аяны хүрээнд Завхан аймгийн харьяат найман эмч өнөөдөр халдвар цар тахлын нөхцөл хүндэрсэн төрөлх нутагтаа очиж, туршлагаа хуваалцан 14 хоног ажилахаар болсныг Улсын Их Хурлын гишүүн Б. Баярсайхан гишүүн энэ үеэр тодотгоод тэвдэж явахад тэвэнгээр туслах нь хүний эрхэм нандин чанар тул бизнес эрхлэгчид, иргэд, төрийн бус байгууллагуудаас уг аяныг идэвхтэй дэмжихийг хүслээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд БНЭУ-д "COVID-19" халдварын цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгөх аяныг санаачлан “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж 100-гаад сая төгрөг цугласныг Энэтхэгийн талд шилжүүлснийг онцлоод энэ удаагийн аянд нэгдэхийг хүсвэл тус төрийн бус байгууллагад хандахыг хүсэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, халдварт цар тахал орон нутагт хүртэл хүндэрч байгаа энэ цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдан, хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодотгоод монголчууд бид бие биедээ байгаагаа хуваалцан, сэтгэлийн дэм өгөн, гар сунган тусалж байж энэ аюулт тахлыг даван туулна гэдгийг онцлон тэмдэглэв.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан амаргүй цаг үе, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд үл шантрахыг хүсээд, төрийн байгууллага, иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг ойлгож, үүрэгт ажилд нь саад болохгүй, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ вакцинжуулалтдаа идэвхтэй хандахыг уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.