Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын шинэчлэн батлагдсан ёс зүйн дүрэм хэрэгжиж эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/105 дугаар тушаалаар баталсан “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар’’-тай холбогдуулан хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагууд албан хаагчдын ёс зүйн дүрмээ шинэчлэн мөрдөж эхлээд байна.

Тодруулбал, Хил хамгаалах байгууллагаас өнөөдөр /2022.08.31/ шинэчлэн боловсруулсан албан хаагчдын ёс зүйн дүрмийг хилийн цэргийн нийт алба хаагч нарт хүргэх арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд МУБИС-ийн багш, доктор, профессор Т.Нэмэхжаргал “Байгууллагын ёс зүйд хувь хүний оролцоо” сэдвээр төрийн тусгай албыг хашиж байгаа алба хаагчид тэр дундаа хилчид хэрхэн, юунд анхаарч ажиллах талаар лекц орлоо. Мөн тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа цахимаар оролцов. Тэрбээр хил хамгаалах байгууллага нь төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд үзүүлэхэд дагаж мөрдөх тэр дундаа хилчдийн ажил, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн хэм хэмжээ, эрхэм чанарыг тогтоож, тэдгээрийг зөрчсөн асуудалд хүлээлгэх хариуцлага зэргийг нарийн тусгаж өгсөн шинэлэг зохицуулалттай дүрэм боловсруулсныг онцлоод ёс зүйн дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх, юунд анхаарч ажиллах талаар тодорхой чиглэл өглөө.  Мөн алба хаагчдаа сонсох тусгай дугаар /94343499/ ажиллуулж байгааг сайшаагаад зөвхөн санал, гомдол, талархлыг сонсохоос гадна сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллахыг зөвлөсөн юм.

Салбарын албан хаагчдын ёс зүйн дүрмийг нэгдмэл байдлаар төгөлдөржүүлж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн онцлог чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах ёс зүйн нандин чанар тэр дундаа үндэсний онцлог, монголчуудын гайхамшигт өвөг дээдсийн уламжилж ирсэн ёс суртахууны өвд тусгалаа олж, хойч үе нь түүнээс суралцаж, түүгээр чиг чигээ болгож, эрч хүчээ олж авахыг эрмэлзэн тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/105 дугаар тушаалаар “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар’’-ыг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус үлгэрчилсэн загвартай холбогдуулан хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагууд албан хаагчдын ёс зүйн дүрмээ шинэчлэн боловсруулж,  ийнхүү мөрдөж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*