“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” эсээ бичлэгийн уралдаанд 280 сурагч оролцов

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуулийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, тэдэнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний соёл, уламжлалаа нандигнан тээгч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан.

Уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 280 сурагч бүтээлээ ирүүлсэн. Уралдааны тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр, хоёрдугаар байранд Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б. Мөнхзул, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ж.Жаргалан нар шалгарчээ. Харин тусгай байранд Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг нар шалгарсан юм. 

“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр:

-Орчин үеийн залуус, манай үеийнхэн Үндсэн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл багатай байдаг. Тиймээс яаж энгийн бөгөөд хүн бүрд хамааралтайгаар хүргэх вэ гэж бодож эсээгээ бичсэн. Үндсэн хуулийн тухай нийгмийн хичээлийг түлхүү заагаасай гэж хүсэж байна.  

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Мөнхзул:

-Үндсэн хуулийн тухай ойлголт тухайн улсын иргэн бүрд, тэр дундаа хүүхэд бүрд байх ёстой. Гэтэл манай үеийнхэн төдийлөн чухалчилж үздэггүй. Тиймээс Үндсэн хууль ямар чухал болохыг, хүмүүст ямар ач холбогдолтой вэ гэдгийг харуулахыг зорьсон. Нийгмийн хичээл дээр Үндсэн хуулийн тухай цухас дурдаад өнгөрдөг. Цаашид хүүхдүүдэд Үндсэн хуулийн талаарх ойлголтыг дэлгэрэнгүй өгөх нь илүү өгөөжтэй санагдсан.

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг:

-Манай үеийнхний дунд Үндсэн хуулийн талаарх ойлголт төдийлөн өргөн дэлгэр байдаггүй. Тиймээс би анхдугаар Үндсэн хуулийг хэзээ хэрхэн баталсан хийгээд дараа дараагийн Үндсэн хуулийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан. Үндсэн хуулийн талаарх мэдээллийг нийгмийн болон сонгоны хичээлээр зааж, багш нар илүү сонирхолтой мэдээлэл өгдөг байгаасай гэж бодож байна.

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг:

-Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг гэдэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн болгоны язгуур эрх ашиг хангагдаж, хамгаалагдаж  байдаг учир хүн бүр энэхүү хуулийг мэдэж байх ёстой гэж боддог. Миний бодлоор залуучууд, хүүхдүүд Үндсэн хуулийн талаарх тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байдаг гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэн, амжилт хүсэж, шагналыг гардуулсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*