“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ИЛТГЭЛИЙГ ЗАДАЛЖ ҮЗВЭЛ

“Сайн ану миний багш, муу ану бас миний багш” хэмээх эртний мэргэн үгтэй учир өнгөрсөн муу бүхнийг багшаа хэмээн бодож суралцаад Монгол улсшинээр сэргэхийг, залуу хүн шинээр хийж бүтээхийг харах л үлдлээ.Түүнд хийгээд түүний толгойлж буй намд одоо бүх эрх, бүх боломж буй бөлгөө!

 

 

Молхи бичээч би бээр нийтийн адил улс төрийг анзааран ажиглаж, улс төрчдийн тавьсан илтгэлийг ч мөн хардаг ч ихэнх нь хий хоосон “Улс төржсөн”  хуралд оролцогсдод л зориулсан хоосон үг байх тул  үл тоож ихэд голонгуй  ханддаг нэгэн билээ.

Харин сая МАН-ын 30-р их хурлын индрээс ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн илтгэлийг анх удаагаа шахуу ихэд тоож, анхааралтай сонсоод дахиж барьж шинжлэн уншиж үзсэн маань бараг анхных болов уу. Яагаад гэвэл энэ илтгэл нэлээд прагматик санагдсан болоод тэр юм. Хэдийгээр социалист систем ноёрхож байсан БНМАУ-ын үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх...зэрэг төрийн тэргүүнүүдийн илтгэл “ Энхрий хайрт нам, засаг... гэх үгсээр эхэлж баахан уриа хэлэх ч үндсэн санаа нь прагматик, илүү аж ахуйн чигтэй, ард түмнийхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх зорилт, төлөвлөгөө голлосон байдаг байжээ. Тэгээд ч тэр цагт таван жилийн төлөвлөгөө гэж тодорхой цаг хугацаатай хөгжлийн төлөвлөгөө байсан учир тухайн илтгэлд дурдагдсан тоо баримт, шүүмжлэл, төлөвлөгөө зэрэг нь худлаа хэлж болохооргүй, илүү бодтой байжээ. Яагаад гэвэл тэр илтгэлийг тавьсан өдрөөс эхлэн ирэх таван жилд илтгэлд дурдагдсан зүйлс биелсэн эсэхийг дүгнэдэг учир хий сурталдах арга байгаагүй юм.  

Энэ удаагийн ерөнхий сайдын илтгэл тийм өнгө аястай, бодот зүйл илүү туссан, өнөөгийн байдлаа илэн далангүй тоо баримттай дурдаад яг араас нь үүнийг хэрхэн шийдэх арга замаа товч бөгөөд тодорхой өгүүлсэнбайсан нь анхаарал татсан учир  түүний илтгэлийг задлах гэж хичээлээ. Гэхдээ энэ задаргаа бол зөвхөн хуралд сууж дээрх илтгэлийг сонссон МАН-ын гишүүдэд бус нийт ард олонд зориулсан задаргаа гэдгийг эхлээд тодотгох нь зүйтэй буй за. Нийтлэлч хүний үүрэг ч ийм буюу.

Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд манай нам хэрхэн 100 жилийн өмнө үүсэн байгуулагдсан ууган улс төрийн хүчин болох тухай хийгээд 100 жилд хийж бүтээсэн ахмадуудынхаа гавьяаны тухай, 1990 оны ардчилсан хувьсгал хүртэлх бүтээсэн  зүтгэлийн тухайд дурдаад өнөө цагт эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан  талаар ингэж хэлжээ.

“...Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ...” гэж үндсэн санаагаа эхэлжээ.

Энэ хэсгийг задалж тайлбарлах нь илүүц бөгөөд бид урд хөршөөс эдийн засгийн хувьд (экспортын 92 хувийг зөвхөн урд хөршрүү экспортлодог) хараат байгаа нь хил хаасан энэ үед хүн бүрд мэдрэгдсэн төдийгүй хойд хөршөөс шатахууны бүрэн хараат буйг бензин шатхуунгүй болсон өдрүүдэд биеэр ойлгож ухаарсан учир нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.

Тэгээд ч энэ илтгэлийн гол утга учир эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал гэдгээ эхлээд дурдаад гол зүйлээ үүнд хандуулж буйгаа Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого  хэмээн онцлон тодотгожээ.

Цаашид өгүүлсэн 6 зүйлийг задлахын өмнө “Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжих болно. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, цалин тэтгэвэр тэтгэмж, орлогын тэгш байдал, чанар, хүртээмж, стандартыг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлнэ.” гэсэн талаар хэдэн зүйл хэлье.

Дээр өгүүлсэн хэсэг одоогоор бол хоосон уриалгын чанартай, үнэн байдалтай хол зөрж байгааг хэлмээр. Монголд өнөөдөр яг юу болоод байгааг машид товчоор хэлбэл дийлэнх олонх нь ядуу буюу ядуувтар давхрагад хамаарах болсон бөгөөд маргаашдаа итгэх байтугай өнөөдрөө хоолтой өнгөрүүлэхэд ч хэцүү нийтээр ядууралд автсан явдал билээ. Зөвхөн улс төрийн нам дамжин  гүйсэн цөөнх л илтэд баяжих тул тэднийгээ үзэн ядаж (цаад утгаараа төрөө үзэн ядаж ) эсвэл тэдэн шиг болохын тулд л улс төрийг нийтээр  сонирхох мөртлөө ихэнх нь тэдэнд атаархан үзэн ядсанаас бүхэлдээ стесстэй нийгэм болсонд оршино. Жирийн нэг залуу банкнаас зээл аваад үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес  хийх гэвэл өрөнд орж бүр ихээр стрестэж эцэстээ банкны хүүгээ дийлэхгүй дампуурах магадлал бараг 100 хувь бөгөөд тэгээд аргаа бараад гэр орноо зарж гадагшаа явж боол болцгоосоор 30 өнгөрлөө. Мөн Скандинавын орнуудын жишиг гэсэн нь бас л худал сонстов. Скандинавын орнууд 35-55 хувийн татвартай улс орнууд бөгөөд зарим тохиолдолд 80 хувь хүртэл татвар авах ч байдаг. Гэтэл сүүлийн үед манайд бүхий л эд баялгийг төрд буцааж авч төрийн мэдлийн болгох хандлага давамгайлах болжээ. Төрд бүхнийг аваад хэн баяждаг вэ? гэвэл мөн л улс төр дагагсад хийгээд дарга нар л баяжих бөгөөд тэд дөрвөн жил л оршин тогтнох учир элдэв зөвшөөрөлөөр хаалт хийж тэр зөвшөөрөл нь үзэгний үзүүрээр хаалтгүй болж авилга хээл хахууль ундардаг бөгөөд энэ нь хэрэг зөвхөн дарга нарын л хүрээнд болж байдаг. МАН 100 жилээ тэмдэглэж буй ч Монгол улсыг тэр зуун жилд хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг буюу боломжтой хүний ганц өдөр уух ганц шил архины үнэтэй байгаа нь маргашгүй үнэн бөлгөө. Тэр ч байтугай салбар бүрээс хичээл зүтгэлээрээ гавьяа байгуулсан  гавьяатуудын алдар цолны нэмэгдэл л гэхэд сарын 150 мянган төгрөг  байгаа нь мөн л шил вискины үнэ юм. Уг нь энэ 100 жилд намын нөхөд бус тэр жирийн ахмадууд, тэр гавьяатууд л үүнийг бүтээсэн нь маргашгүй үнэн юм! Эх, эцгээ, ахмад үеэ ингэж үл тоодог улс орон өөр хаана ч байхгүй бөгөөд түүний энэ үгийн хэсэг бол социал демократ үзэлтэй болсоноо албан ёсоор зарлаж, алдаануудаа засах гэжбайна гэж бодох учир энэ тухай үл өгүүлээд орхиё. 

Ерөнхий сайд цааш өгүүлэхдээ “...Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангана...Монгол Улсын ирээдүйн өв тэгш иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэлийг хийнэ...” гэх мэт ирээдүйд хандсан, залууст хандсан санаа буй учир болтугай, болтугай  хэмээн ерөөгөөд яаран шүүмжлэхээ хойш тавиад ямар зургаан зүйлээр улс орноо шинээр сэргээх бодлого өгүүлж буйг цааш авч үзье.

Нэг. Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. (Өмнө ингэж шууд үнэнийг хэлж байсан улс төрчийг санахгүй байна) Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.  Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм…” гэжээ.

“Транзит Монгол Улс” гэсэн энэ үг машид содон хийгээд үнэн сонстов. Бид дэлхийн түүхэнд “Торгоны зам” хэмээх замаар л орлого олдог транзит улс байсан. Торгоны замаас татвар авч түүгээр улс гүрнүүдийн худалдааг холбож байсан түүхтэй улс юм. Чингис хааны гавьяаг торгоны замаар л үнэлж дүгнэж болно. 

1990 он гараад бид ардчилал, зах зээл гэгчид шилжих үедээ ч урд хөршөөс хойд хөршрүү “транзит худалдаа” хийж амь гарч байлаа. Одоогийн босон өндийсөн бизнесменүүдийн ихэнх тэр танзит худалдаагаар л анх хөрөнгөжсөн нь дийлэнх байсан нь бас л бодот үнэн билээ. Ер нь Монгол улс транзит улс болох бүрэн магадал бий бөгөөд шинэ сэргэлтийн бодлогод транзит улс гэсэн ойлголт орж ирж буй нь мөхөс бичээч надад машид сайшаалтай хийгээд бодтой мэт санагдав. Тэгээд ч ерөнхий сайд илтгэлдээ “Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно” хэмээн тодорхой дурдаад төмөр замыг дагаж хүнд үйлдвэрийн бүс байгуулах хийгээд шинэ хотын тухай “Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая” хэмээжээ. 

Бид өнөөг хүртэл өмнөх л хүн, өмнөх нам л хийсэн бол буруу болж түүнийг зөвхөн муулбал л дараагийн дарга нар баярлаж суудгаа одоо болих хэрэгтэй юм! Энэ бол тогтворгүй түр засагтай, цөөхөн хүн амтай манай улсыг бүр мөсөн сөнөөж буй талцал зөрчлийн эх бөгөөд хэдүүлхнээ байж намаараа, хүнээрээ талцан амбицлаж, өмнөхөө муулж хэрэлдсээр 30 жилийг барж түүний гайг энгийн ард олон хүртсээр өнөөг хүрснийг сануулсан мэт ихэд өөр сонсогдож буйг онцолмоор. Түүний эхлэн хөндсөн сэдэв бол “Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах” байлаа.

Хоёр дахь сэдэв. Эрчим хүчний сэргэлтийн тухайд байлаа.

Тэрээр өгүүлэхдээ “1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна…” гэжээ.

Үүн дээр түүний өмнө өгүүлсэн “Транзит Монгол Улс” санааг нэмэрлэхэд нэгэн учиг гарч ирнэ. Хойд хөрш маань Ленины үеэс л “ГАЭЛРО” хэмээх цахилгаанжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж маш олон усан цахилгаан станцтай болсон учир ОХУ-д цахилгаан хямд бол өмнөд хөрш байнгын цахилгааны хомстолтой байсаар ирсэн бөгөөд бид өөрсдөө өндөр хүчдэлийг гадаадын банкнуудын зээлээр босгоод хойд урд хөршийн хооронд цахилгааныг тразит маягаар худалдвал хялбар хөгжих зураг харагддаг. Мөн түүнчлэн газрын тос, шатдаг хийг ч мөн өөрсдөө холбох хоолойг дээрх маягаар бариад хойноос урагш транзит худалдаа хийвэл болох боломжтой бөгөөд зүгээр л ганц холбох сувгийг өөрсдөө гадны банкуудын зээлээр барьчхаад тоолуураа хараад л сууж байх боломжтой цорын ганц улс билээ.  Гэвч ийм ажлыг хувийн хэвшил хийх боломжгүй бөгөөд цэвэр засгийн газар хоорондын гэрээгээр гүйцэтгэх ажил юм.

Ингэж чадвал бид улс орноо хямд цахилгаанаар хангаад зогсохгүй тусгаар тогтнолоо ч баталгаажуулах бүрэн үндэстэй бөгөөд тэрээр мөн энэ тухай “ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна…” хэмээн тодотгожээ.  

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухайд.

Энэ тухай тэрээр өгүүлэхдээ “Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна…Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ...” хэмээгээд “Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна…” гэх мэтээр олон бодтой санааг цааш дурджээ.

Мөхөс бичээч миний дээр өгүүлсэн бүхнийг улсын өмч болгоно гэсэн бодлыг өөрчилж хувийн хэвшлийг дэмжин дээрх төслүүдийг хийж гүйцэтгэх нь илүү бодтой бөгөөд буцаад буух эзэнтэй ажил болохыг нэмж дурдах нь илүүц бизээ. Улсын юм гэдэг эзэнгүй л юм гэсэн ойлголт бөгөөд дөрвөн жил тутамд өөрчлөгддөг төр засагт гарсан улс төрчдийн л “ээлжийн хоол” болдог гэдгийг анхаарах буй за. 

“ Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай.” 

Дөрөв. Хот, хөдөөгийн сэргэлтийн хэсэгт тэрээр өгүүлэхдээ 

“…XIII зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин XXI зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ. 

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна...гээд үүнийг хэрхэн засах тухайгаа шинэ сэргэлтийг тодорхойлохдоо.  “Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай” хэмээн дүгнэжээ. 

Мөн нэмж хэлэхэд 1960 аад онд Их Британын Лондон хот машины түгжрэлээ дийлэхээ байсан бөгөөд түүнийг шийдсэн арга нь зогсоол барих байсан гэдгийг дурдмаар санагдав.Тэр цагаас эхлэн Лондон хот түгжрэлгүй болсон бөгөөд хүмүүс ажлынхаа ойрлцоох давхар зогсоолд машинаа тавиад явган алхаж ажилдаа очоод буцахдаа зогсоолоос машинаа унаад харьдаг болсон тухайгаа уншиж байснаа нэмэрлэмээр санагдлаа.

Тэрээр цааш Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан сэдвийг ойрын зорилт болгон дэвшүүлжээ.

  “… 1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж   байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм. Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ…” хэмээн тодорхойлоод “Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ 2 дахин томорно. Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна” хэмээн зоригтой тунхаглаад энэ үйлсэд бүх намуудыг орхилгүй уриалаад эцэст нь “Монголын андгай за буй заа” хэмээн андгай өргөсөн байлаа.

Эхэлнэ гэдэг ажлын тал гэдэг. Тэгээд ч тэрээр аль нэг нам гэж туйлширдаггүй нэгэн гэдэг Монгол улсын тав дахь ерөнхийлөгчийг зөвлөхөөрөө урьсан, өмнө ч таван шударга гэгдэж өөр намынхантай хамтарч тэмцэж байсан зэргээс харагддаг.

Ер нь одоо аль нэг намын харьяалалтай хүн гэдгийг харь улсын иргэний харьяалалтай дайсан шахуу үздэгээ болих цаг аль хэдийнээ болсон билээ. Бид ердөө гурван сая гурван зуун мянгахан иргэнтэй атлаа өч төчнөөн намд хуваагдан бие биенээ үзэн ядсаар бид хэмээн нягтрахын оронд би хэмээн арсалдаж “орондоо унтах завгүй олзлолдон байлдсаар” ирсэн эрт, эдүгээгийн түүхтэй улс билээ.

Харин одоо бол түүний хурлын индэр дээрээ андгайлсан үгсээ хэрхэн бодот ажил болгохыг л харах үлдлээ. Үүний учраа нийтээрээ цаг алдаж хэрэлдэхээ хойш тавьж хөдлөх цаг ирснийг сэхээрэн харж, өмнөх улс төрчдийн илтгэлүүдээс илтэд өөр илүү прагматик, ажил хэрэгч санагдсан түүний илтгэлийг мөхөс бичээч би бээр чадан ядан задлан шинжлэхэд ийм буюу.

“Сайн ану миний багш, муу ану бас миний багш” хэмээх эртний мэргэн үгтэй учир өнгөрсөн муу бүхнийг багшаа хэмээн бодож суралцаад Монгол улсшинээр сэргэхийг, залуу хүн шинээр хийж бүтээхийг харах л үлдлээ.Түүнд хийгээд түүний толгойлж буй намд одоо бүх эрх, бүх боломж буй бөлгөө! 

Эх сурвалж: Baabar.mn

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*