Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэргээн засах тасгаас “Шинэ эмчилгээ-Шинэ технологи” танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ өдөрлөгийн хүрээнд нарийн мэргэжлийн 4 аппарат, 1 төхөөрөмжийг танилцуулсан юм. Тухайлбал, сэргээн засах эмчилгээний анти гравити гүйлтийн зам нь NASA-гийн бүтээл бөгөөд агаарын даралтыг багасгаж, хөлд очих ачааллыг бууруулан, дасгал хийхэд амар болгодог "шидтэй" ажээ. Биеийн жинг 80 хүртэл хувь бууруулж, “агаарт гүйж буй мэт” мэдрэмж төрүүлж, гэмтэлтэй эдэд очих ачааллыг багасгадаг онцлогтой юм.
Энэхүү төхөөрөмжийг:
- · Тархи, мэдрэлийн эмгэгийн дараах сэргээн засах
- · Ахмад настай өвчтөнүүдийн хөдөлгөөнийг сэргээх, сайжруулах
- · Доод мөчний гэмтэл, мэс заслын дараах сэргээн засах
- · Мөчдийн үе сольсны дараах сэргээн засах эмчилгээ зэрэгт ашиглах боломжтой.
Мөн квантун оношилгоо, эмчилгээний аппаратыг нэвтрүүлж байна. Уг оношилгооны аппарат нь хүний биеэс ялгарах цахилгаан соронзон долгионы тусламжтай 1 минутын дотор тухайн хүний эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийг тодорхойлдог. Аппаратаар дамжуулан 45 үзүүлэлтийг оношлох боломжтой. Тухайн хүнд ямар ч зовуурь мэдрүүлэхгүй, 1 минутын дотор биеийн ерөнхий байдлыг мэдээллийг гаргадгаараа онцлог аппарат юм.
Түүнчлэн хиймэл оюун ухаанаар дамжуулан цээжний хөндийн рентген зурган дээр нарийвчилсан оношилгоо хийх боломжтой аппарат, үений дурангийн аппарат, мөрний кинетик аппарат, соронзон массаж зэрэг аппаратыг төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс эмчилгээндээ зориулан нэвтрүүлжээ.
Тус эмнэлгийн ГССЗТ-ийн эрхлэгч, дэд хурандаа А.Пүрэвдорж “Монголд оношилгоо, эмчилгээ хийх боломжгүй байсан өвчнийг түргэн шуурхай оношлон эмчлэх боломж бүрдэж байгаа"-г онцлов. Мөн сэргээн засах эмчилгээг илүү хурдан, үр дүнтэй явуулах боломж бүрдэж буйг дурдаж байв.
Нийтэлсэн: Montsame.mn