“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна


Туршилтын төсөл хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газартай хамтран “Шударга ёсны клуб” байгуулан ажиллаж буй нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна. Үүнд нийслэлийн 1, 12, 24, 32, 40, 65, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэрлэн 1, Хэрлэн 4 дүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Бор-Өндөр цогцолбор сургуулийн нийт 1000 гаруй багш, 2000 гаруй сурагч хамрагдаж байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд туршилтаар хэрэгжүүлнэ.

Энэ хугацаанд оролцогч сургуулийн багш нарыг модулийн агуулга, кейст суурилсан сургалтын арга зүй болон цахим ангийн оролцоог удирдан чиглүүлэх арга барилд сургаж, хөтөлбөрийг сургуулийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний зэрэгцээ сурагчдын мэдлэг, хандлага, ахиц өөрчлөлт болон хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг нотолгоонд суурилан үнэлэх тогтолцоог ашиглана. Мөн хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл, сониуч зан, эерэг хандлагад тулгуурлан шударга зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор хөтөлбөрийн бэлгэ тэмдэг болох “Мэргэн шар шувуу” дүрийг бүтээж, нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна.

“Мэргэн шар шувуу” нь сурагчдад шударга ёс, зөв сонголт, хариуцлагатай зан үйлийн талаарх ойлголтыг хүүхдэд ойр, сонирхолтой хэлбэрээр хүргэх хөтөч дүр юм. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Шударга үйлдэл, зөв хандлага-гэрэлт ирээдүйн эхлэл” уриа бүхий хөдөлгөөнт постер боловсруулж, оролцогч 12 сургуулийн цахим хуудас, нийгмийн сүлжээний сувгаар дамжуулан сурагчид, багш, эцэг эхчүүдэд хүргээд байна.

“Шударга иргэн” модуль туршилтын хөтөлбөрийн нээлтийг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, комиссар С.Янжинлхам, Eduportal.mn сайтын Цахим сургууль хариуцсан захирал Н.Сайнбаяр болон оролцогч 12 сургуулийн “Шударга ёсны клуб”-ын зохион байгуулагч, чиглүүлэгч багш нар оролцлоо.

“Шударга иргэн” хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, сургалтын үр нөлөө, сурагчдын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлт болон багш нарын хэрэгжүүлсэн туршлагыг үнэлнэ. Туршилтын үр дүнд үндэслэн хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсронгуй болгож, цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад түгээн хэрэгжүүлж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд шударга ёс, ёс зүй, хариуцлагын үнэт зүйлийг багаас нь төлөвшүүлэх нь зөвхөн өнөөдрийн сургалтын үр дүнгээр хэмжигдэхгүй. Үнэнч шударга байх, зөв сонголт хийх, бусдын эрх ашгийг хүндэтгэх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадал нь ирээдүйд авлигыг үл тэвчих, ёс зүйтэй, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх суурь болно гэж үзэж байна. “Шударга иргэн” төсөл хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд шударга ёсны боловсролыг системтэйгээр хүргэж, шударга нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх энэхүү ажлын үр дүнг эргэн мэдээлэх болно.

iaac

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*