Шатахууны хомсдлын наана / цаана
Есдүгээр сарын дундуур бензиний хомсдол үүсгэж, багагүй хямрал үүсгэсэн явдал тохиолоо. Энэ хомсдлын наана болон цаана юу байсан талаар өгүүлье.
Хомсдлын наад талд
Зарим сүржин хүмүүс хөршүүдийн геополитикийн тоглолт мэт тайлбар тавьж, бурууг гаднаас хайхыг эрмэлзэж байсан нь ор үндэсгүй юм. Учир нь манай улсад бензин
нийлүүлэгч Роснефть компанийн зүгээс аль хавар эрт дотоод зах зээлд нь үүссэн хомсдол, үйлдвэрийн хуваарьт засварын улмаас намар нийлүүлэлт багасахыг урьдчилсан анхааруулж байжээ. Энэ компани Монгол улсын шатахууны хэрэгцээний 96 хувийг хангадаг юм. Тэгвэл үүнийг мэдсээр байж хомсдол үүсгэсний учир юу юм бэ? Юуны өмнө сонгуультай холбоотойгоор бензиний үнийг барих шийдвэр гаргасан явдлыг эхний буруутнаар нэрлэх ёстой. Сонгогчид савалгаатай шийдвэр гарахаас
сэргийлсэн алхам байж болох ч импортлогч компаниудад үнийг зөрүүг хэзээ, хэн, хэрхэн олгохыг тодорхой болгоогүй орхисноос худалдан авалтад бэрхшээл үүсжээ. Үүнд салбарын яам, газрын тосны асуудал хариуцсан төрийн бүтцүүд хариуцлага хүлээх ёстой. Компаниуд үнийн зөрүүг хэзээ, хэрхэн олж авахаа мэдэхгүй байснаас битүүхэндээ эмээж, худалдан авалтаа багасгахаас өөр сонголтгүй болсон байж таарна. Намрын ургац хураалт зэрэгт зориулаад ихэнх саваа дизель түлшээр дүүргэсэн тул үйлдвэр засварт орохтой холбогдуулаад нэмэлтээр нөөц бүрдүүлэх хэмжээний сул сав тэдэнд байхгүй. Дээр нь алдагдал хүлээсэн, зөрүү аваагүй учир нэмж санхүүгийн хүндрэлд орохоос эмээсэн байх. Ингээд 8 дугаар сард Оросоос авахаар захиалсан хэмжээнийхээ 30 хувийг л худалдан авчээ. Нефтийн үйлдвэр үйлдвэрлэсэн бензинээ нөөцлөнө, хадгалана гэсэн ойлголт байдаггүй. Захиалгын хэмжээгээр үйлдвэрлээд тэр дор нь ачуулдаг технологийн онцлогтой.
8 дугаар сард Монголын импортлогчид захиалснаасаа үлэмж бага хэмжээгээр (30 хувь) худалдан авалт хийсэн тул 9 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 8 сарын хэмжээгээр тогтоох нь мэдээж.Ердөө ингээд л хомсдол нүүрлэв. Менежментгүй, зохион байгуулалтгүй, ажилхариуцаж чаддаггүйн хомсдол. Бензиний биш!
Нөөц багасахын хэрээр ШТС-ууд нэг хэрэглэгчид олгох хэмжээнд хязгаарлалт тавьж эхэлсэн нь нийгэмд түгшүүр үүсгэж, хэзээнээс хуйлрамтгай ард түмэн дараалалд хонож өнжив. Салбарын яам, импортлогчид урд хөршөөс их хэмжээгээр авах гээд захиалчихсан. Ачааны вагон л олдохгүй байна гэдэг тайлбар тавьна. Импортлогчид шийдвэр гаргагчдыг төөрөгдүүлсэн худал мэдээлэл өгч байсан нь хятадаас авахаар тохирсон гэх бензиний хэмжээ юм. 43 мянган тонн авахаар захиалсан гэдэг нь худал болж таарав. Огт авч байгаагүй тал гэнэт их хэмжээгээр захиалга өгөхөд бэв бэлэн байж байдаг үйлдвэр гэж дэлхий дээр байхгүй. Энд тэндээс хамаад 4 мянган тонн орчмыг өгч болно гэсэн хариу өгсөн байдаг. Шатахуун импортлогч компанийн эздийн гаргаж байгаа араншингууд тэд хомсдлыг төлөвлөж, зохион байгуулсан байх гэсэн хардлагыг эрхгүй төрүүлдэг.
Хэл аманд ихээр өртөж, бэлгийн дарамтын хэрэгт шалгагдаж буй Сод Монголын эзэн гэхэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг дагуулж ОХУ-аар “аялсан” байх жишээтэй. Д.Цогтбаатарын улс төрийн хамаарлыг одоо жоохон хүүхэд ч түвэггүй хэлнэ.
Тэд хэнтэй уулзсан, юу ярьсан, ямар далд сонирхол агуулсан зэрэг нь дараагийн сэдэв учир түр орхиё. Сонирхолтой нь ОХУ руу бүх импортлогч компанийн төлөөлөгчид очиж Роснефтьтэй уулзсан байхад “гавъяа” нь ганцхан О.Содбилэгт хамаарахыг хэвлэлийн алба нь “ойлгуулав”. Өөрөө ч ийм дүрд орохоор ихэд шамджээ. Ямартай ч монголын хэрэглээ жоохон юм болохоор том гүрний савны ёроолыг шавхахад жижиг хомсдол дорхноо арилах нь мэдээж.
Хомсдлын цаад талд
Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотын хойд хэсэгт байрлах тансаг зуслангийн хотхон Санзайд өөрсдийгөө “үзэл санааны хоригдол”, “улс төрийн хилс хэргийн хэлмэгдэгч” болсон гэж тунхагладаг хэсэг хүмүүс цуглан уулзжээ. “Аавынд” сууж асан этгээдүүд дээр ард олны зүгээс “удахгүй суух магадлалтай” хэмээн хэлцдэг хүзүүгүй хүн мэт нэмэгдсэн байна. Уулзалтад М.Энхболд эчнээ оролцсон ажээ. Товчхондоо өнөөх цуутай суутай МАНАН бүлэглэл бүрэлдэхүүнээрээ цугласан нь тэр.
Тэд өөрсдийгөө огт гэм зэмгүй хүмүүс гэдгээ батлан харуулахын тулд “хэлмэгдүүлэгчдээс” хариугаа авахаа батлан тангараглав. “Санзайн тунхаглал” гэхээр шахуу зүйлс хэлэлцэн тохирсны нэгээхэн хэсэгт нь шатахууны хомсдлыг доргиох, нүүрс гэх мэт цаг үеийн барааны хомсдлыг өдөөх ажлаа эрчимжүүлэх байлаа. Мөн хэвлэлээр дайралт хийх төсвийг яаралтай бүрдүүлэв.
Хэвлэлийн дайралт Ерөнхий сайд асан С.Баярын “манжлахгүй” гэж онцолсон ярилцлагаар эхэлж байгаа юм. “Надад ял төлөвлөсөн улс бах таваа бүрэн хангах гэсэн шиг байгаа юм. Надад хорих ял өгөөд шоронд хийх нь арай л хангалтгүй санагджээ. Тэгээд л тэр их хэмжээний мөнгөн торгууль(5 тэрбум) надад оногдуулав гэж би ойлгосон”, “Одоо бол зүгээр ярих биш, заргалдана” гэх зэргээр тэр Санзайн тунхаглалын ерөнхий агуулгыг тодорхойлов. Үүний өмнөхөн Н.Багабанди, С.Баяр нарын нөлөөлөлд багтдаг, О.Содбилэгийн эзэмшилтэй өдөр тутмын сонин дээр “Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой хоёрын хувь заяаны огтлолцол” гэх гарчигтай заналхийлэл нийтлэгджээ. Уг нийтлэлийн төгсгөлд “Рио Тинтог хэт дутуу үнэлж, эрдвэл Засгийн газар амархан өнхрөөд өгч мэдэх юм” хэмээн маш тодорхой мессэж илгээв. Үүнийгээ тэр дор нь “Intertwined destiny of L.Oyun-Erdene and Oyu Tolgoi” хэмээн англиар орчуулж өөр нэг сонин дээр гаргасан нь захиалагчиддаа тайлан тавьсан хэрэг бололтой. Зарим нэг өөр сонин ч зүгээр суусангүй. Нэгэн бичвэртээ “Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л гэхэд цаашид огцруулах, солиулахаас эхлээд нийгмийн сүлжээний дайралт, иргэдийн гомдлын бай болсон олон “юм” үзэж магадгүй” хэмээн өмнөх мессэжийг давтжээ.
Энэ бүхэнтэй зэрэгцээд О.Содбилэг хэмээх сод залуу оросуудын учрыг олж Монгол улсыг бензиний хомсдлоос “аварч байгаа” тухай мэдээллүүд хөвөрсний учир тайлагдаж байх шиг. Хажуугаар нь шахмал түлшний хомсдол гэх жижиг түймэр тавив. Өвөл болохыг, шахмал түлш чухлыг мэдсээр байж үйлдвэрийг нь 4 сар зогсоосон этгээдийн улс төрийн хамаарал нь Санзай тийш чиглэнэ. О.Содбилэгийн гэнэт тодрон гарсан байдлаас шатахууны хомсдол нь зориудын шинжтэй байх магадлалтай сэжүүрүүд тодроод ирж байна. Монсуль гэж жижигхээн ШТС хязгаарлалтгүйгээр бензин зарж чадаж байхад НИК, Петорвис, М ойл, Шунхлай зэрэг томчууд хомсдлыг ажиглаад гараа эвхээд суусны учир нь далд удирдлагад байх магадлал, шинж тэмдгүүд илрэв. М ойл буюу аавынд морилоод гарсан С.Баярцогтын нөлөөллийн компанийн дотоод мессэж задарсан. “Том захиралын тушаалаар 60 мянган төгрөгт л бензин олго, барь” гэсэн утгатай юм. Том захирал нь С.Баярцогтын гарын хүн!
Удахгүй Оюутолгой ХХК шатахуун нийлүүлэх гэрээгээ шинэчлэх ёстой. Гэвч тэд М-ойл, Петровис, Шунхлай гуравтай хийсэн гэрээгээ сунгахаар амлажээ. Гэрээний дүн 160 сая доллар. Тайлбар илүүц биз.
Рио Тинто урт гартай нь үнэн бололтой. Урьд нь тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын туслалцаатайгаар огцруулж дөнгөсөн билээ. Тухайн үед “Рио Тинто”-гийн захирал байсан Сэм Уолш Монгол Улсын Ерөнхий сайд огцорсны дараахан “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа “Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж, эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ил тод мэдэгдэж байсан билээ. Тэдний захиалга Ч.Сайханбилэг байсан агаад түүний гараар Дубайн төлөвлөгөө гэх монголын ард түмэнд үлэмж хохиролтой бичиг баримтыг батлуулсан байдаг. Тун удахгүй “Салхитын мөнгөний ордоо дээрэмдүүлсэн” гэж гоншигонох Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагайгийн ярилцлагад тулгуурласан нэвтрүүлэг цацагдна. Ярилцлагыг Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч асан С.Батзаяа гардан хийсэн нь учиртай. Уяачдын холбооны гишүүн Ш.Мөнгөншагай уг ярилцлагын үеэр давтамжтайгаар нэг л зүйлийг улиглах нь “Удахгүй ордоо буцааж авнаа, харж байгаарай!” Ш.Мөнгөншагай нар нь шүүх, цагдаагийн байгуулгын ажилтнуудыг олноор нь талдаа элсүүлж, худалдан авах, талцуулах ажлыг зохион байгуулж байсан нь баримт нотолгоотой хэрэг. Тэд монголын баялгийг гадныхантай хуйвалдан булаалдаж тоглож байсан. Гэтэл гэмгүйн дүрд тоглож, хамраа сөхөхийн учир юунд байх вэ? Бүх шатны шүүхээс буруутай нь тогтоогдож, ял авсан этгээдүүд “огт гэм зэмгүй атлаа хэлмэгдсэн” гэх зүйлсийг улиглан, сэргэж эхэлсний цаана том дэмжлэг, итгэл найдвар байгаа байх. Монголын шүүхийн тогтолцоо огт гэм буруугүй хүнийг хэрэгт шийтгэчих боломж “шударга бусын хонгил” гэгч зүйлийг байгуулснаар боломжтой байсан гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх зарлаж байсан. Хонгилыг байгуулсан, ажиллуулж байсан хүмүүс бүгд албан тушаалаас буусан, үндсэндээ нурсан болохоор түүнээс хойш шууд хилс хэрэг тулгаад яллачих боломж үндсэндээ байхгүй. Тэгээд ч шүүхээс ял авсан улс төрчид бодит байдал дээр шүүх дэх нөлөөллөө хадгалсаар байгаа нь тэдний авсан, эдэлсэн гэх өчүүхэн, нэр төдий ялаас тодорхой харагддаг. Одоо бүгд наранд байгаа нь “нэг юм” хэлнэ. Огт буруугүй, гэм зэмгүй хүнийг ямар ч баримт нотолгоогүйгээр яллах боломж өнөөдрийн хууль шүүхийн тогтолцоонд байхгүй.
Тэгэхээр явж, явж энэ бүх бусармаг үйл явдал, улс төрийн идэвхжил, гацаа хомсдлын цаана С.Баяртай байгуулсан 2009 оны гэрээгээ хөдөлгөхгүй байх “Рио Тинто”-гийн том сонирхол л бий. Өөр юу ч биш!
Монголын улс төрд бугшин, нийтийн баялгийг тонон цөлмөж асан бурангүй хүчин өнөөдөр гадны дэмжлэгтэйгээр эргэн ноцох, эрх мэдэлд очихоор шунан дурлаж байгаа нь илт боллоо. Тэд юу ч хийж мэдэхээр байна. Эхний алхам нь Засгийн Газрыг ганхуулах байх. Тэгээд Оюутолгойн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг санаархах байх.
Г.Сонинхүү
sonin.mn